Завхан аймгийн Яруу сум Зүйл багийн Ундрахын Дүгээ

(ДУРСАМЖ НИЙТЛЭЛ)

Одоогийн Завхан аймгийн Сонгино сум Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас салбарлан 1931 онд байгуулагджээ. Сэцэн Сарт уулын хошуу нь Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуунаас үүсэлтэй юм. Сартуул овог нь Эзэн Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезм улс буюу Сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100.000 гаруй иргэдийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахаар дайчилж байгаад 1250-иад оны үед Хэрэйд, Найманы нутаг одоогийн Завхан аймгийн нутаг, Завхан голын орчимд байсан Чингай балгасны ойрх нутгуудад суулгаж, баруун гарын их чинсан Чингайд захируулснаар Сартуул овог үүсэн бий болох угсаатны суурь үндэс тавигдсан гэдэг.

Энэ утгаар бидний ураг удам бол Сартуул овгийн хүмүүс гэж үздэг. Одоогийн Завхан аймаг Сонгино сум нь Айраг нуур, Баян айраг, Тарайт , Шар нуруу, Бор-өндөр багуудаас бүрдэх бөгөөд Хангай говь хосолсон, хүн зоны нуруу тэнийсэн үзэсгэлэнт төгөлдөр сайхан нутагт бидний өвөг дээд өнө удаан жил нүүдэллэн амьдарч, байгаль дэлхийгээ хайрлан, мал аж ахуйгаа өсгөж үржүүлж иржээ. Бидний өвөг дээдэс болох Адъяатавнан гуайнх энэ л нутгийн Шар нуруу, Алтангын энгэрээр нутаглаж байсан бөгөөд эдний 5 айл нь Шуудан зөөгч (Улаач)-ийн өртөө хийхээр одоогийн Яруу сумын нутагруу нүүдэллэн амьдрах болжээ.

Тэр 5 айлын нэг Ундрах гуайнх адуу мал олонтой 16 хүүхэдтэй айл байсан юм. Энэ 16 хүүхдийн 7 дахь хүүхэд нь миний Өвөө болох Ундрахын Дүгээ юм. Ундрахын Дүгээ 1928 онд төрж цэргийн албыг Байдаг богдод 4 жил алба хаагаад одоогийн Завхан аймгийн Яруу сумын нутагт Гантөмөрийн Ванживтай гэр бүл болж 11 хүүхэд төрүүлсэн билээ. Ингээд Ундрахын Дүгээ гэх хүний сум орон нутаг, Ах дүү хамаатан садандаа ямар хүн байсан тухай энэхүү нийтлэлдээ бичихийг зорьсон юм. Адъяатавнангын төрсөн дүү Баян Сандуйжав гуайнх хүүхэд төрүүлдэггүй айл учир үр хүүхдээ болгож өргөж авахаар айл саахалт олон жил нүүдэллэн ойр орчим нь тус нэмэртэй амьдарсан гэдэг. Иймээс тухайн айлд өргүүлж хүүхдээ өгсөн ч нүүдэллэж хол явалгүй айл гэр болон хамт насаараа амьдарсан гэдэг. Иймээс У.Дүгээ нь 2 аав 2 ээжтэй эрх танхи хүүхэд өсжээ.

Нэг аавыгаа Заан аав гэж ялгаж дууддаг байсан нь тухайн үеийн бөхийн заан цол хүртэж байсан хүн байж таарах гээд байгаа юм. Энэ л хүмүүсийн гар дээр мал маллах арга ухаанд суралцаж ялангуяа эр хүн унаа сайтаа байх ёстой шүү гэж өв уламжлагдан ирсэн захиас өртөөний улаач хийдэг байсан ажил албанаас гаралтай үг бөгөөд одоо хүртэл уламжлагдан захигдсаар л байна. Монгол орон тэр тусмаа бидний амьдарч ирсэн бүс нутаг байгалийн жинхэнэ эрс тэс уур амьсгалтай хүн малын шандас шалгасан нутаг Олон ч зуд зурхан болж, олон ч жил өнтэй сайхан байжээ. Энэ л нутагт мал аж ахуй авч явахын тулд хөдөлмөрч, арга ухаан зарж байж л мал маллана. Жилийн 4 улиралд нэг талдаа 70 орчим км газар нүүдэллэн амьдардаг. Өвөлдөө Үнэгдийн Эрэгцэг гээд хүрэн хөндийд байрлах жижиг хонхорхойд өвөлжөөгөө засан өнөөг хүртэл 100 гаран жил өвөлжсөн.

Энэ өвөлжөө маш олон давуу талай. Тухайлбал маш их шуурдаг хөндийд байрласан учир ямарч их цасыг шуураад хунгарлах маягаар цасаа зад шуурчихдаг. Хөндий талд байрлах учир хавар хээлтэй мал өеөдөхгүй маш том давуу талтай. Энэ хөндийд ямаан харгана ургадаг. Ямаан харган нь модлог ургамал учир элсний нүүдэл цөлжилтийг бууруулдаг. 3 жил дараалсан ган зудад ямаан харганы модоо мөлжөөд хорогдол багатай даван туулдаг байсан. Гантай зун энэ хүрэн хөндий Зүйлийн голын адагт байрладаг учир газар доогуурх ус чийгээ өгч Завхан гол хүртэл ногоон судаг татсан байхыг нэгэн зун харж байсан юм. Энэ өвөлжөө тал дээр байрладаг хонхорхой учир яг бууцан дээрээ маш дулаахан гээд хүний санаанд огт оромгүй давуу талууд маш ихтэй ийм хонхорхойд бууц гарган модон өвөлжөө барьж 3 үе дамжин өвөлжиж ирсэн юм. Хавар цас ханзраад дулаарах үед Үнэгдийн Эрэгцэгээс дээшилж Улаан дэл, Хар дэл, Хөгшний ар, Дулаан хайрхнаа тойроод хаваржаална. Дулаан хайрхан маш том уул учир олон амтай. Элэгний бууц Жүнбэнгийн ам, Хойд, Урд тасархай, Хүнхэр ам, Шивээ, Улаан дэл, Сэнжит хад зэрэг олон хаваржаатай.

Энэ олон намаржаа хаваржаанд малын хэвтэр гаргаж бүх чулууг нь дээлийнхээ хормойг цоортол зөөж дараа дараагийн айлуудад өнтэй намаржиж, хаваржихыг бодолцож засч өгсөн юм. Зундаа зүйлийн гол, тахилгат Хүйс хайрханаа тойроод зусна. Зарим жил дулаан байвал Баруун хөндлөн, Дунд, хөндлөн Зүүн хөндлөн, Овооны араар өгссөөр Зүйлийн эхэнд гарч зусдаг байлаа. Биднийг хүүхэд байхад өвс маш өндөр ургадаг манайхаас өөр айл зусдаггүй учир Ан амьтан ихтай Зундаа үе, үе цас орох нь элбэг тийм л хүйтэн хангайд манайх зусдаг байсан юм. Миний өвөө олон жил дараалсан мал идээгүй дагтаршссан өвснөөс гал гарчих гээд байдаг учир тэр хавиар явсан хүмүүст тамхи татаж гал гаргаж болохгүйг анхааруулж, ан амьтдыг хайрлан хамгаалах ажлыг их хийсэнсэн. Энэ л сайхан нутагт ижил олон хүүхдүүдээ Хүний дайтай хүн болгож Айлын дайтай айл болгож гаргасан байдаг. Мал 1960 онд нийгэмчлэгдэх үед хамгийн олон малыг хүлээлгэж өгч, Эргээд олон хүүхдүүдтэй учир мөн л олон мал, маллаж тухайн үеийн шагналууд болох улсын сайн малчин, гавшгайч, ойн медалуудыг зэрэг бүх л шагналаар шагнагдаж байсан.

Монгол улс хүний их эмч, эх баригч, сум баг бүрд одоогийнх шиг байдаггүй саяхныг хүртэл хөдөө гэртэй төрдөг байсан үе. Энэ үед Яруу сумын Зүйлийн голын олон хүүхдүүдийн авсан ээж нь болсон юм. Цагаан сарын үеэр ах дүү олонтой учир ирж золгох хүн олон ч Авсан ээждээ ирж золгох хүмүүсийн тоо түүнээс ч олон байсан. Нүүдлийн мал ахуй бол маш хөдөлмөрч, арга ухаан ихтэй хүмүүсийг бий болгодог. Намаржаа оройтохоор урсгал уснаасаа малын бэлчээр холдож малаа тууварт туун услах ажил ихэсдэг. Намрын анхны цас хэзээ орох, хэр хэмжээтэй орохыг эр хонины дал галд шатааж мэргэ, төлөг их тавьж нүүдэллэдэг байсан. Тэр үеийн радиогийн цаг агаарын мэдээ баруун бүс, төвийн бүс, зүүн бүс л гэж мэдээллэдэг байсан үед мань хүн шинжлэх ухааны маш ойрын үндэслэлтэй аргаар цаг агаарыг тайлбарладаг байсан. Учир нь эр хонины дал агаарын даралтаас хамаарч шатахдаа өөр, өөр өнгийн дүр үүсгэж шатдаг, аль хэсэгтэй цайвар шатах уу, бараан байна уу гээд л тухайн амьдарч байсан орон нутагтайгаа харьцуулж нэг бүрчлэн судлан маш нарын цаг агаарыг шинждэг байсан. Тэр бүү хэл Үнэгдийн баруун тал, Бор өвдөг, Бор давс, Цагаан хайрхан, Буурлын овоо дайраад багахан цас орох нь гэж хэлээд маргааш өглөө нь тэмээгээ ачаалаад отроор нүүгээд яваад өгдөг байсныг хүүхэд бий одоо хүртэл маш тод санадаг юм. Ийм аргаар цаг агаар шинждэг хүмүүс өвөл өнтэй болох, хавар хэзээ болохыг тарваганы ичээг хараад л маш нарын он сартай нь тухайн жилээ төвөггүй шинжлэн судалчихдаг байсан биз ээ.

Манай баруун аймгийнхан маш их ёс уламжлал, дэг жаягтай хүмүүс. Хүүхэд төрүүлэх, Бэр гуйх, Эсгий хийх, Гэр тааруулах, Найр, наадам хийх, Овоо хангайгаа тахих Бурхан болоочийг нутаглуулах гээд бүгд ёс жаяг уламжлал маш хатуутай хүмүүс. Энэ уламжлалыг маш олон жил удирдаж зохион байгуулж, дараа дараагийн үедээ уламжлуулсан ирсэн эрхэм хүн. Хамгийн бага хүүгээрээ жолооч хийлгээд энэ бүх ажлыг өдөр шөнөгүй амжуулдаг одоогийнхоор бол Аж ахуйн зохион байгуулалттай амьдарч ирсэн юм. Нэг хүүхэд нь зөвхөн хонь хариулна, Бас нэг нь адуугаа хариуцана, Эмэгтэйчүүд нь үхэр мал, хоол хүнсээ зохицуулах, Зарим нь унаа техникээ хариуцаад одоогийн бидний ярьж буй эрчимжсэн мал аж ахуйг энэ хүн 1960-2000 он хүртэл маш зөв, үлгэр жишээ хөгжүүлж, уламжлуулсан юм. Нэгдлийн дарга Базар, Сумын дарга Бат-Амгалан, Аймгийн дарга Батмөнх гээд маш олон найз нөхөдтэй, түм түжигнэж бум бужигнасан айл байсан. Заримынх нь малыг өөр дээрээ өсгөж, өвлийн идшийг нь бэлдээд явуулдаг байсан. Завхан аймаг түлш шатахууныхаа хэрэгцээг Увс аймгаас хангадаг, учир манай өвөлжөө яг энэ зам дагуу байрладаг болохоор Увс аймгийн олон жолооч нартай найзууд байсан. Аймгийн төврүү явахад их амар байжээ.

МУИС-ын захирал Чимэдцэрэн, УБЭҮД-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг гээд төр нийгмийн алдартай хүмүүс манайхаар их ирдэг байсан юм. Өөрийн дүү Г.Далайжамц ХЭҮК-ын дарга хийж зун бүр гадаад дотоодын айлчин гийчний хөлд их дарагддагсан. Тэртээ 1990 хэдэн онд PEPSI ундаа ууж, Нарны эрчим хүчээр гэрэлтүүлж, BUTAN-ны газын пилетк хэрэглэж FUNAI өнгөт зурагт үздэг айл монголд байсан гэхэд одоогийн хүмүүс огт итгэхгүй бизээ. Үүний зэрэгцээ өөрийн том хүүхдүүдийг дагуулан ойр хавийн ах дүү нарынхаа малыг тууварт тууж Нийслэл хүрээ, Эрдэнэт зэрэг хотуудад аваачиж өгөн Буцахдаа хөөрөг, алт, мөнгөн эдлэл зэргийг Яруу сум, Эрдэнэхайрхан сумын айлуудад аваачиж их өгдөг байсан нь хожмоо монголын хамгийн үнэтэй эртний хөөргүүд энэ нутагт л байна даа. Ийм л нэг эгэл жирийн малчин хүн, өрхийн тэргүүн тэр үеийн унаа мал дутмаг шуудан харилцаа хөгжөөгүй нийгэмд маш олон ажлыг зэрэг амжуулж ёстой нэг тарвалзаж амьдарч байсныг хожмоо дурсан санаж, найз нөхөд, нутгийн олондоо ярь өгөхөд сэтгэлд өег бахархалтай байдаг юм.

Бичсэн: Ундрахын Дүгээ түүний 3 дахь охин Дашинцэдэнгийн хүү Д.Батмөнх

4 САНАЛ

  1. Манай Дүгээ жаажаагийнх сайхан айл байсан даа. Дөрвөн улиралд айл саахалт явна, цагаан сараар хамгийн түрүүнд л очдогсон. Намайг нэг их баярлуулсаныг одооч мартдаггүй дурсах дуртай байдаг. Сургуулийн сурагч нэг хавар амралтын өдрүүдэд гэртээ харих санаатай Малтуурт Жаажаагийнд зам дагуу унаанаас буугаад Хосын үзүүрт гэртээ харих болоход Жаажаагийнхаа хүрэн морийг унаад яв гээд бүрэн хэрэглэлтэй эмээлтэй, сайвар хүрэн морийг нь унаад ханагар амьтан гэртээ харьж бөөн л баяр болж байж билээ, бас Бямбаагаар дөхүүлүүлэх ч үе гарч л байсан. Сайхан унаа унана бас хувийн жолоочтой, сайхан эдлэл хэрэглэнэ мундаг хүн байж ээ.

  2. Миний аавийн хийж бүтээсэн зүйл агуу их шүү дээ одоо бодход сайхан байж дээ.

  3. Маш хөдөлмөрч ч хүмүүс (Говьчууд)
    Сум руу ирэхдээ хамгийн түрүүн манайхаар ирдэг байлаа
    Яг л зам дагуу бас нэг гол усны хүмүүс
    Аавтай хууч хөөрч (Тэр үеийн сумын төвийн мэдээлэл) Ээжийн цайг амтархан уугаад төврүү ордог байсан
    Үе үеийн өвөг дээдсийнхээ арга ухааныг тээж өвлүүлж ирсэн хүмүүс л дээ …
    Бурхадууд 🙏🙏🙏
    Ямар сайхан цаашид өв уламжлуулан дамжуулж хадгалж түгээн дэлгэрүүлж явмаар маш чухал мэдээлэл оруулждээ
    Зээд нь илүү их амжилт хүсье
    Маш чухал

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу