“Баян” гэдгээ өөрийн овог шиг болтол хоногшуулна гэдэг аргагүй л мөнгөтэй хүний чадах зүйл. Ямар ч байсан тэр өөрийн нэрний өмнө “баян” хэмээх үгийг хадчихсан. Манай хууль хүчнийхэн ээлжит нэг сүрт баривчилгаагаа Р.Базараа дээр харуулав. Яг нэг жилийн өмнө Т.Бадамжунайг Филиппинээс авч ирэхдээ онгоцны буудлаас бүхээгтэй тэрэгт ачих гэж баахан алхуулж камерийн өмнө шарсантай агаар нэг үйл явдал өчигдөр (2024.04.15) өрнөв.
Түүнийг саатуулах болсон шалтгаан нь нэг улстөрчид сонгуулийн санхүүжилт босгох замаар мөнгө угаасан гэх тайлбар байв. Үнэхээр сонгуулийн санхүүжилт босгох гэж байсан бол МАН-ын санхүүжилт лав биш. Эрх баригчид юу боллоо гэж өөрсдийн хэтэвчээ нийгмээр зүхүүлэхэв. Тэгэхээр Ардчилсан намынх ч юм уу, тэр зүгийн улс төрч Ц.Элбэгдоржийн мөнгө гэхчилэн таамаг янз бүрээр яригдаж байна.
Албан ёсоор сонгууль эхэлж, хэн нэгэн нэр дэвшигч хандивын дансаа олон нийтэд ил болгож эхлээгүй байна. “Сахал” Д.Эрдэнэбилэгээс хойш монголчууд “Баян” Р.Базараагаа анх удаа “амьд”-аар нь харж байгаа нь энэ.
Өчигдөр мөн цахим орчинд Дорноговь аймгийн УИХ-ын гишүүн Улаанбадрах сумын 170 өрх тус бүрд 100 мянган төгрөг өгчээ хэмээн Говийн бүсэд АН-аас нэр дэвшихээр горилж яваа Б.Энхмөнх гэгч дугтуйтай мөнгөний зураг оруулан бичсэн байв. Сонгуулийн тухай хууль зөрчсөн процесс ийнхүү Дорноговь аймгийн Улаанбадрах суманд болжээ гэсэн үг. Дорноговь аймгаас УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар сонгогдсон байдаг. Энэ хоёр гишүүний аль нэг нь болж таарна гэсэн үг.
Улс төрчийг санхүүжүүлэх, сонгуулийн жил сонгогчдод мөнгө тараах нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогын хэлбэр. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2-т “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заачихсан. Үндсэн хуулиараа хориглосон гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын эсрэг заалт бий.
“Баян” Р.Базараатай холбоотой улстөрчийг санхүүжүүлэх 20 сая ам.долларын гэх ам дамжсан яриа байгаа бол Дорноговь аймгийн УИХ-ын гишүүнтэй холбоотой 17 сая төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа юм. Мөнгөний хэмжээ нь их, багын асуудал яригдаж байгаагаас цаад агуулга нь Төрийн эрх мэдлийн хууль бусаар авах агаар нэг зүйл болчихоод байна.
Монголын томоохон бизнесмэнүүд сонгуулиар МАН, АН-д хандив өргөдөг ч аль нэг намд нь илүү бооцоо тавьдаг. Сүүлийн найман жил дараалан эрх барьсан МАН-ынхан бизнесийн орчныг улам хумих болсон тул тэдэнд итгэж бооцоо тавих хүмүүс улам хумигдаж байгаа талаар улс төрийн хүрээнд ярих болсон. Тэгвэл сөрөг хүчнүүд рүү мөнгөний урсгалыг чиглүүлэхгүйн тулд хуулийнхнаар гох дэгээ тавих замыг сонгосон байж болох юм.
Сонгууль өнгөртөл бизнесийнхэн бөөн бөөнөөрөө Эрүүгийн цагдаагийн хаалга татаж, мөнгөтэй МАН-ынхан аймаг, сум, баг, хорооны өрхүүдэд мөнгө тараасаар байх нь өчигдөр болсон хоёр үйл явдлаас харж болох юм. Дараагийн саатуулагдах “баян” хэн байх вэ гэдэг дээр мөрий тавьцаах л дутаж байна даа…
Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

  1. Дорноговь Улаанбадрах сумынхан мөнгөөр сонгууль өгөөд сурчихсан .

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу