Урин цаг ирж, амралт зугаалгын улирал эхэллээ. Та галт тэргээр, эсвэл хаа нэг газар явган аялахаар бэлдэж байвал дараах номуудыг санал болгож байна. Хамгийн тухтай аяллын хань нөхөр ном гэдэгт эргэлзэх юун.
“Интер ном” их дэлгүүрийн хамгийн их уншилттай уран зохиолын
арван номыг танилцуулж байна. 
1. Маркес Габриель Гарсия – Наймдугаар сард уулзъя
Наймдугаар сард уулзъя: Маркес Габриель Гарсия, Нямдорж Б, Жавхлан Н: 9789919281199 - Интерном
Зохиолын гол дүр болох Ана Магдалена бүсгүй жил бүрийн наймдугаар сард гатлага онгоцоор ээжийгээ оршуулсан арал руу очдог түүхээс адал явдал эхэлнэ. Эмэгтэй хүний догдлол, өөрийгөө буруутгах зэмлэл, эхнэрээ ийм л хүн хэмээн аль хэдийнэ сэтгэлдээ бүтээчихсэн нөхөртөө өөрийн нууцаа мэдүүлэхгүй гэсэн айдас гээд.
Магадгүй заримдаа ойлгомжгүй, дараа нь биднийг бодолд автуулж, эргэлзүүлэх түүхэнд л хүмүүний амьдрал, хүний сэтгэлийн хэзээ ч бүрэн тайлагдашгүй нууцууд оршдог биз ээ.
2. Кавагүчи Тошиказү – Дурсамж мартагдахаас өмнө
📢📢УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА... - МОНСУДАР хэвлэлийн газар | Facebook
“Мон судар” редакц Японы зохиолч Тошиказү Кавагүчигийн цувралаас “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх эхний хоёр номыг уншигч танаа хүргэсэн бол цувралын гурав дахь ном “Дурсамж мартагдахаас өмнө” бүтээл хэвлэгджээ. Нууцлаг үйл явдал өрнөх хэр нь үнэхээр бид цаг хугацаагаар аялаад, хэн нэгэнтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсдэг шүү дээ. 
3. Кавагүчи Тошиказү – Кофе хөрөхөөс өмнө
Кофе хөрөхөөс өмнө: Кавагүчи Тошиказү, Энх-Амгалан Ц, Оюунханд Б: 9789919517816 - Интерном
Жижигхэн кафе, цөөн тооны дүр гэдэг яг л театрын жүжиг шиг. Зохиолч Кавагүчи Тошиказу нь жүжгийн зохиолч агаад хүүрнэлийн арга барилаараа тун чиг онцгой. Дүрүүдийн үйлдэл, нүүрний хувирал бүхнийг нүдэнд үзэгдэм нарийн дэлгэрэнгүй харуулахын сацуу кафед өрнөж буй үйл явдал, орж гарч буйг хүртэл хонхны жингэнээнээр мэдэгдэн, үзэгдэл солигдох мэт илүү бодитой, илүү ойлгомжтой болгон өгчээ.
Зохиол сэдвийн хувьд ямар нэгэн нийгэм улс төр, соёлын хүнд асуудлуудыг хөндсөнгүй, ердөө хүмүүний сэтгэл хөдлөл, хүн хоорондын харилцаа, итгэлцэл, холбогдолыг үзүүлэхийг чухалчилснаараа цэвэр драмын шинжтэй.
4. Исаяама Хажимэ – Давшигч Титан 2
Давшигч Титан 2: Исаяама Хажимэ, Амарбаясгалан Б: 9789919281304 - Интерном
Ирэн бэлтгэл салааны цэрэг болж, нөхдийн хамт титануудын эсрэг тэмцэж эхлэв. Үлэмж титан хэрэм рүү довтолсноор бусад нь үер мэт урсан орж ирлээ. Тулааны үеэр Ирэн дотнын нөхөр Арминд туслах гэж оролдсон хэдий ч өөрөө титаны идэш болж орхив.
Хангамжийн салааныхан хаашаа ч хөдлөх аргагүй болсон тул тэргүүн болон арын шугамынхныг шаардлагатай хэрэгслээр хангаж чадсангүй. Тулалдаж байгаа цэргүүд юу ч үгүй болж, аргаа барсан ч амьд үлдэхийн тулд эрсдэлтэй ч гэлээ эцсийн аргаа ашиглан, тэмцэхээр шийдлээ.
5. Кавагүчи Тошиказү – Кафед өгүүлэх түүхүүд
Кафед өгүүлэх түүхүүд: Кавагүчи Тошиказү, Ёко Мицунага: 9789919280734 - Интерном
Хүний нүдэнд үл анзаарагдам, “Фүникүри Фүникура” гэх буйдхан кафед очиж, “өнгөрсөн рүү аялах” буюу “хожимдсон галт тэрэг”-т суух аз завшаан эрэлхийлэн ирэх хүмүүс цөөнгүй. Гэхдээ бас хэд хэдэн дүрэм бий. Үүний нэг нь өнгөрсөнд очсон ч одоог өөрчлөх боломжгүй.
Юу ч хийж, яаж ч хичээсэн одоо цаг өөрчлөгдөхгүй гэх дүрэм өнгөрсөн рүү явахаар зэхэгсдийн дийлэнхийг шантраадаг бөгөөд ийм ч учраас эл кафе ид шид домгийн яриа төдий болж үлдсэн юм.
6. Исаяама Хажимэ – Давшигч Титан 1
Давшигч Титан 1: Исаяама Хажимэ, Амарбаясгалан Б: 9789919280765 - Интерном
Дэлхийг бүхэлд нь титанууд эрхшээх болжээ. Тэдний идэш болж буй хүн төрөлхтөн амьд мэнд үлдэхийн тулд эрх чөлөөгөө хязгаарлаж, хана хэрэм босгоцгоов. Гэвч үлэмж титан хэрмийн дээгүүр өнгийх төдийд хүн төрөлхтний “амар жимэр” амьдрал дуусаж, ядаж цөхөн тэмцэнэ.
Зохиогч Хажимэ Исаяама зохиолыг нь бичиж, өөрөө зурж бүтээсэн 34 цуврал бүхий энэ манга уншигчдын гарт хүрснээр эрхлэн гаргасан хэвлэлийн газрынхаа 18 жилийн ажлын замналыг огцом орлоготой “золгуулсан” гэдэг. 
7. Мүраками Харүки – Норвегийн ой
Норвегийн ой: Мүраками Харүки, Гэрлээ Б: 9789997366337 - Интерном

8. Гүүгэлийн Соёлгэрэл – 100 грамм дурлал

100 грамм дурлал: Соёлгэрэл Гүүгэлийн: 9789919986636 - Интерном

Хэн ч бидэнд амьдрал, хайрыг тайлбарлаж өгдөггүйтэй адил бид бас энэ хувилбарыг өөр өөрийнхөөрөө хялбархан ойлгочихсон. Нэгнээс холдож, өөр нэгэнтэй сэтгэл нийлж болдог хувь зургийн талаар насандаа ихэдсэн шийдийг нэг л мэдэхэд гаргачихсан.

…Намрын сүүлчийн хатсан навчис хөлөн доор минь ёолох шиг.

9. Мүраками Харүки – Нэгдүгээр биеийн ганц тоо

Нэгдүгээр биеийн ганц тоо: Мүраками Харүки, Ёко Мицунага: 9789919281038 - Интерном

Хүмүүн бид баяр, гуниг ээлжилсэн амьдрал хэмээх их далайг туулдаг. Тэр л хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг мэдрүүлэх “Нэгдүгээр биеийн ганц тоо” хэмээх өгүүллэгийн түүвэр бестселлерийн есдүгээрт жагсаж байна. 

10. Үй Хуа – Амьдрахуй

Амьдрахуй: Үй Хуа: 9789997875914 - Интерном

Хятадын зохиолч Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиад байгаагаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай.

“Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж, Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын “Грицане Кавур” шагнал хүртсэн юм.

Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, Чарльз Деккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй, өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу