Чингис хаан одонт “The Hu” хамтлаг эх орондоо хийх анхны бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо долдугаар сарын 10-нд “HIT Park Ulaanbaatar”-т зохион байгуулах  талаараа мэдээллээ.

“МАШ САЙХАН ТОГЛОЛТ БОЛНО ГЭЖ АМ БАРДАМ ХЭЛЬЕ”

“The Hu” хамтлагийн ахлагч Ц.ГАЛБАДРАХ:

-Монгол Улсад бие даасан анхны тоглолтоо ирэх сарын 10-нд HIT PARK-т хийх гэж байна. Наян настай буурлаас 8 настай балчруудаа тоглолтод маань дээлээрээ гоёж, хүрэлцэн ирэхийг урьж байна. Маш сайхан тоглолт болно гэж ам бардам хэлье.

Наадмын өмнөх өдөр хамтдаа урлаг соёл, үүх түүхээрээ сайхан наадацгаая. Дэлхийн томоохон хөгжмийн наадмуудад анх тоглоход биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орноор явж, 350 гаруй фестивальд оролцлоо.

Эх орондоо задгай талбайд анх удаа тоглохдоо бүх хит, “Аянгын нүргээн”, “Гэрэг” цомгийн шилдэг уран бүтээлээ толилуулна. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй, үзэгчдэд тав тухтай байхад анхаарч байна.

Үндэсний их баяр наадмын үеэр задгай талбайн анхны тоглолтоо хийх гэж буйдаа сэтгэл өндөр байна. Бид уран бүтээлээ 2016 онд эхлүүлж байсан. Монголоос дэлхийд Хүннү рок хэмээх урсгалыг бий болгон, манай хамтлаг байгуулагдсан.

Анхны бүтээл маань 2018 онд цацагдсан. Улмаар нэг үзэгчээс эхлээд “Юу вэ, юу вэ, юу” өнөөдөр 120 сая гаруй хандалт, “Чонон сүлд” 100 гаруй сая хүний хандалт авсан байна.

YouTube суваг болон бусад платформоор дамжуулан нийт клип, уран бүтээл маань 300 сая гаруй хүнд хүрлээ. Бид эх орондоо байгаа энэ цаг хугацаандаа задгай талбайн томоохон шоугаа зохион байгуулах болсондоо баяртай байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу