Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий асамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс “Монгол Улс 2030 он гэхэд Тэрбум мод тарина” хэмээн мэдэгдсэн. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах Монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах, хүний амьдрах орчныг сайжруулах зорилготой “Тэрбум мод” хөдөлгөөн 2030 он хүртэл үргэлжилнэ. Хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөж тарих нь холгүй тэрбум мод тарих үйлсэд хүчин зүтгэж байна. Хөрсний хуурайшилт, хэврэгшилт, элсний нүүдэл гэх мэт олон сөрөг хүчин зүйлийг зогсоож, цөлжилт дөрвөн хувиар буурна гэж үзэж байгаа юм.

2020 оны байдлаар Монгол орны ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 8.07 хувь байна гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл уг төсөл хэрэгжсэнээр монгол орны есөн хувь нь ой болох юм. 

Нэг талаасаа эх орондоо хэрэгтэй сайн ажил хэдий ч нөгөө талд нь хятадаас хямд суулгац оруулж ирэх, уулнаас мод шилжүүлэн суулгах зэрэг сөрөг зүйлс бий болсон талаар тарьж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мод суулгац бэлдэн, тариалдаг компани үйл ажиллагаа явуулж байгаа бол цаашид улам нэмэгдэх хандлагатай болж байгаа аж. Сайн зүйлс заавал сүүдэртэй байдаг гэдэгчлэн төрийн өмчит компаниуд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэнээр төсвийн их хэмжээний мөнгөөр модны суулгац худалдан авах тендер шалгаруулалтыг хийх болжээ. Түгээмэл суулгацын үнэ зах зээлд 1000-3000 төгрөг байдаг бол үүнийг нугалсан үнэ бүхий тендер зарлаж, “цавчаа” хийх боломж бүрджээ. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нарын зүгээс төсөвт хяналтыг давхар тавих шаардлагатай болж байгаа юм. “Тэрбум мод” хөдөлөгөөний хүрээнд өөрсдөө мод бут тарьж, үржүүлдэггүй хүмүүс дам зууч хийх байдлаар ашиг олдог байдал нэмэгдэж байна. Тиймээс төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад анхаарахгүй бол Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчигдөж эхэллээ. Ард түмэн нь хоногийн хоолоо залгуулах гэж бүсээ чангалж, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар нь өрийн дарамтад сөхөрч, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барьж байхад төрийн мөнгөөр төрийн өмчит компаниуд хэдэн тэрбумаар нь модны суулгац худалдан авч байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс силвер, Монголросцветмет ТӨҮГ-аас эхлээд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд өндөр үнээр мод авах, тендер сонгон шалгаруулалтад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдал их гарч байгаа талаар иргэдийн гомдол байгаа юм. Тухайлбал, Монголросцветмет ТӨҮГ 611 сая 400 мянган төгрөгөөр 83100 ширхэг суулгац авах тендер зарласан байна. Үүнээс үзэхэд нэг ширхэг суулгацыг 7357 төгрөгөөр тооцсон гэсэн үг. Суулгацны тоо ширхэг өсөхийн хэрээр үнэ нь улам буурдаг. Тэгвэл Эрдэнэс силвер компани өнгөрөгч онд 375 сая төгрөгөөр 250 мянган ширхэг суулгац худалдан авсан байгаа юм. Ховд аймаг гэхэд 1 тэрбум төгрөгийг 2022 онд эхний ээлжинд “Тэрбум мод” хөдөлгөөнд зарцуулахаар тендер зарласан байна. Мөн аймаг бүр 40-350 сая төгрөгийг модны суулгац авахад зарцуулаад байгаа юм.

Тэгвэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2022 онд “Эрдэнэт үйлдвэрээс 8 тэрбум 762 сая төгрөгийг “Тэрбум мод”-д зарцуулсан гэх мэтчилэн Төрийн хэмнэлтийн тухай хууль гууль болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу