ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

 Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай…

/Сэтгүүлч Ш.Содномжамцын Швейцарын Женев хотоос хийсэн аян замын тэмдэглэлийг цувралаар хүргэж буй билээ. Тэмдэглэлийн дөрөв дэх хэсгийг танд хүргэж байна.

Аян замын цуврал тэмдэглэлийн нэгдүгээр хэсгийг ЭНД, хоёрдугаар хэсгийг ЭНД, гуравдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу/


УУЛЫН ТАГТ ДАХЬ БУДДЫН ХИЙД

Женевээс машинаар гарч Женев нуурын зүүн эргийг хөвөөлж, хурдны замаар зуугаад км давхиад төв замаас салж, битүү модтой уул өөд өгсөөд хувийн эдлэн газруудын дундуур гарсан нарийхан замаар явсаар уулын тагтад байрладаг Буддын авсаархан хийдэд хүрэв.

Рабтен Чоэлинг нэртэй эл хийд нь Женев нуурын зүүн эргийн дагуу оршдог Вевей хэмээх жижиг хотын нутаг дэвсгэрт, Савой болон Альпийн нурууны гайхалтай үзэмжтэй газрын нэг Леви уулын 850 метр өндөрт байдаг аж.

Анх 1977 онд Төвөдийн буддын шашны гэвш Рабтен Ринбүүчи “Рабтен Чоминг” буюу Төвөдийн дээд гэгээнтний төвийг үүсгэн байгуулжээ. Тэрээр шашны эрдэм ухаан, сидаха буюу оршихуйн гүн ухааныг гарамгай эзэмшсэн, маш энэрэнгүй, чадварлаг нэгэн байсан аж. Ялангуяа Барууны орнуудад түүнийг Буддахарма хэмээн ихэд хүндэтгэдэг байжээ. Тэрээр бүр 1969 оноос Энэтхэгийн Дарамсала хотод Дээрхийн гэгээнтэн Далай ламын хүсэлтээр тэнд суралцахаар очсон барууныханд багшилж байсан гэнэ. Улмаар 1974 онд Далай лам Швейцар улсад уригдаж, барууны сүсэгтэн олонд бурхны сургаал ном айлдах үеэрээ Төвөд судлалын төвийг байгуулахаар болсноо зарласан байна. Ингээд түүний айлдвар, үүргийн дагуу уг төвийг байгуулах ажлыг гэвш Рабтен хаиуцаж, 1977 онд байгуулсан эл төв нь эдүгээ Төвөд судлалын хүрээлэн болж өргөжөөд байгаа аж.

 

Буддын хийдийн хурал номын өргөө

Харин Леви уулын тагт дахь энэхүү буддын хийдийг 2007 онд байгуулжээ. Хийд нь хоёр давхар авсаархан, тохилог барилгатай, бурхны хурал ном хурахын зэрэгцээ буддын шашны ном сургаал, гүн ухаанд суралцахыг хүссэн барууны орнуудын оюутнуудыг сургадаг аж. Дэргэдээ оюутнуудын дотуур байр, номын сан, хурал номын өргөө, гал тогоо, сүсэгтнүүд хүлээн авах зориулалттай цөөн хэдэн өрөөтэй жижиг зочид буудалтай юм. Хурал ном даган баясах, бясалгал хийх сүсэгтнүүд хоногийн 20-25 франкийн төлбөртэй зочид буудалд нэг, хоёр хонож амраад явах боломжтой. Бясалгал хийж, хурал номын дуу сонсож, адис авшиг хүртэж, амарч хоноод явахад үнэхээр таатай газар юм.

Хийд нь жилийн туршид олон нийтэд зориулсан семинар, сургалт, жил бүрийн наймдугаар сард бясалгалын 7 хоног, олон улсын буддын шашинт хүүхдийн 7 хоног, Барууны орнууд болон дэлхийн буддын шашинтнуудын хурал, олон улсын бусад арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Оюутнууд болон сүсэгтнүүд нь өдөр бүр өглөөний 08 цаг, орой 18 цагт залбирал үйлддэг. Мөн буддын шашны баярыг уламжлалт зан үйлийн дагуу тэмдэглэхийн зэрэгцээ Төвөдийн цаг тооллын дагуу сар бүрийн 10 болон 25-ны өдрүүдэд уртасгасан залбирал хийдэг ажээ.

Хийдийн хоёр дахь давхарт хурал номын цэвэрхэн, тохилог танхимтай, уламжлалын дагуу буддын шашны бурхан танхил, зул, хадаг яндар, шашны эд агуурс өрөөстэй харагдана. Хийдийн өмнөх алтан ганжир, тойруулж залсан хүрднүүд нь сүр жавхлан, бадрангуйг илтгэнэ. Амгалан, тайван, амирлангуй, нигүүсэл дүүрэн орчин энд л бүрдсэн мэт.

Хийдийн гадна орчин

Уулын тагт дахь хийдээс тээр доор цэнхэртэн нүүгэлтэх Женев нуурын толин мандал, эрэг хөвөөнд нь чимэг нэмэх өнгө өнгийн дээвэр, хийц загвартай байшин барилгууд, цэмцийтэл засаж янзалсан жимс ногооны талбайнууд, хурдны замаар жирэлзэн сүлжилдэх түмэн зүйлийн машинууд хараа булаана. Уран зураг мэт ийм үзэмж төгсийг харж суух юутай сайхан. Аргагүй л газрын нүдийг олно гэдэг энэ байх.

Тиймээс авшиг шингэсэн энэ хийдийг Барууныхан төдийгүй Монголын улстөрч, баячууд зорин ирж, адис жанлав хүртэх нь олонтоо хэмээж байв. Хийдэд хоёр монгол, нэг орос, европ гаралтай хэд хэдэн лам суудаг гэнэ. Францад бараг 20 жил ажиллаж амьдарч байгаа хижээл насны эртэй энд тааралдаж, ойр зуурыг хуучлав. Тэрээр Булган аймгийн харьяат, Говь-Алтайд Анагаах ухааны дунд сургууль төгссөн, одоо гэр бүлээрээ Францад амьдардаг аж. Шашны хурал номд даган баясаж, бясалгахаар энд ирээд хоёр хонож байгаа агаад энэ хийдэд олонтоо ирдэг тул энэ хавиар орж гардаг, ажил алба, арын амьдралаа даатгадаг, өглөг хандив өргөдөг хүмүүсийг сайн мэддэг, дуулж сонссон юм багагүй нэгэн бололтой. 

Биднийг очиход хийдийн лам нар нь Австри улсад болж буй Дэлхийн буддын шашинтнуудын олон улсын хуралд оролцохоор явсан байв. Тус хийдийн гол лам нь манай нэгэн нэртэй улстөрчийн бага хүү юм байна. Сайн удамтай хүний үр сайхан газарт аж төрж, хар, цагаан, шар, бор гэхгүй сүсэгтэн олонд бурхны номын авшиг хүртээж, буяны үйл бүтээж буйд олзуурхаж л явлаа.

Хэд хоногийн дараа Женев хотын баруун дүүрэгт энэ тэрийг сонирхож яваад сүм хийдийн маягтай эртний хийц загвартай нэгэн байшингийн үүдэнд олон хүн цугларсан байхтай таарав. Ойртож очвол европ царайтай, нуруулаг эмэгтэй биднийг дотогш орохыг урилаа. Сүмийн хурал номын цаг өндөрлөж, лам хувраг, ирсэн сүсэгтнүүд нь зоог барьж, яриа хөөрөө дэлгэцгээж байв.

Хийдийн хамба нь буурал толгойтой, нүдний шилтэй, настайвтар хүн байв. Тэрээр бид хоёрыг монгол хүн гэдгийг сонсоод таатай нь аргагүй инээмсэглэн угтаж гар бариад “Монголыг би мэднэ, Чингис хаан бол аугаа хүн. Танай улс их адуутай, олон малтай, том газар нутагтай гэдгийг мэднэ” хэмээн биднийг зоогт урьж, дарс тулгаад сүмд нь монгол хүн зочилж ирсэнд ихэд олзуурхаж буйгаа хэлж байв.

Женев хот дахь Румын сүмийн гадна, дотор талууд

Уг сүм нь Женевт амьдардаг Румынчуудын хурал номын газар юм. Женев хотын засаг захиргааны дэмжлэг туслалцаатайгаар 1956 онд уг сүмийг байгуулжээ. Учир нь Румынд 1953 онд болсон коммунизмын эсрэг бослого хөдөлгөөний үеэр амь үрэгдсэн болон хавчилга хяхалтад өртөн эх орноосоо дайжсан  олон мянган иргэдийнхээ дурсгалд зориулан Женевт амьдардаг румынчуудын сайн санааны үүсгэл санаачилгаар уг сүм байгуулж, дурсгалын самбар босгосон аж.

Швейцар, Румын улсууд ойрхон оршдог, эртнээс харилцаатай, олон арван румын иргэд энд сурч, ажиллаж амьдардаг учраас өөрсдийн гэсэн сүмтэй болж, хурал ном хурж, сүсэгтэн олноороо цуглан буян үйлдэхийн зэрэгцээ коммунимзмын аюул, дайны хөлд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг болсон нь энэ аж. Бид хоёр ч холын газар, хүний нутагт яваагийн хувьд ёс жаягийг даган зул өргөж, буян нэмэрлээд гарав.

ХАРАНДАА БА ТҮҮХ

Хүн бүрийн хамгийн хэрэгцээт зүйлсийн нэг болох балын харандаа хэзээ, хаана үүсэж, хэрхэн хөгжиж ирснийг төдийлөн олон хүн мэддэггүй ч байж магад. Харин “харандаа” гэдэг үг нь орос хэлнээс гарал үүсэлтэй гэж бид боддог. Гэвч үнэндээ энэ үг нь уугуул орос үг биш, өөр хэлнээс уламжлагдаж иржээ.

Тэгвэл энэ үгийн гарал үүслийг хайсан эрдэмтэн судлаачид “харандаа” гэдэг үг нь XY зууны үед түрэг хэлнээс орос хэлэнд орж ирсэн гэж үздэг байна. Учир нь  нь түрэг хэлээр “чулуу” буюу “нам”, “кара”, “хар” гэсэн утгатай үг нь цагийн аясаар “харандаа” буюу “карандаш” хэмээн хэлэгдэж, бичигдэх болсон тухай түүх, баримтад дурдсан нь олонтоо бий.

Хамгийн анхны балын харандааг Англид 1560 онд бүтээсэн агаад улмаар “хар тугалган харандаа” гэж нэрлэгдсэн харандааны үе ийнхүү эхэлж, 1662 онд одоогийн Герман буюу тухайн үеийн Нюрнбергэд харандааны үйлдвэр анх байгуулагдаж байжээ.

1930-1960-аад оны үеийн балын харандаанууд

Анхны харандааг хоёр хэсгээс бүрдэх модны завсар, тусгай хэлбэрт оруулсан нүүрс хавчуулж үйлдвэрлэдэг байсан аж. Улмаар 1795 онд Францын химич Николас Яакус Контэ орчин үеийн харандааг хийхэд хэрэглэдэг балыг нунтаг байдлаас тусгай хэлбэрт оруулан бэхжүүлэх нээлт хийсэн бол “Staedtler” компанийг үндэслэгч  Фредрих Стадлер хамгийн анх 1834 онд өнгийн модон харандаа хийх санааг анх гаргаж, “Faber-Castell AG” фирм 1840 онд хамгийн анхны сайн чанарын харандаа үйлдвэрлэж эхэлсэн гээд энэ талаар олон янзын түүх, баримт дурдагдсан байх нь бий.

Харин Франц, Швейцарын хилийн шугам нийлдэг дөрвөн замын уулзварт нэгэн сонирхолтой хөшөө байх аж. Дунд сургуулийн хичээлийн танхимын бор хүрээтэй, ногоон самбар дээр “Женевт тавтай морино уу” хэмээн бичиж, доор нь “Caran d’Ache” гэсэн бичээстэй, хар өнгийн сумтай үзгийг хэвтээгээр нь байрлуулж, хажууд нь арван ширхэг асар том өнгийн харандаанууд босгосон нь хараа булаана.

Энд дурдагсан Caran d’Ache (Каран д’Аш) компани нь өнгийн болон балын харандаа, үзэг, бичиг захидал, зургийн хэрэгсэл үйлдвэрлэлээр дэлхийд нэрд гарсан Швейцарын алдартай эртний фримүүдийн нэг юм.

Каран д’Аш (францаар Caran d’Ache) гэдэг нь хүний нэр бөгөөд түүний жинхэнэ нэрийг Эммануил Яковлевич Пуаре гэдэг байж. Тэрээр 1858 оны арваннэгдүгээр сарын 6-нд Москвад төрж, гимназаа төгсөөд Францад цагааачлахаар шийдэж, улмаар 1909 онд Парист иржээ. Гурван ах, гурван эгчтэй тэрээр иргэшлээ баталгаажуулж, дайны үед цэргийн алба хааж, дараа нь зураач мэргэжил эзэмшиж, Орост суралцаж эх суурийг нь тавьсан өөрийн мэдрэмж, онцлог загвар, уран санаагаа унаган авьяасаараа тэтгэн франц маягаар баяжуулж чадсанаар Францын алдартай зураачдын нэг болсон түүхтэй аж.

Caran d’Ache-ийг үүсгэн байгуулагч Эммануил Яковлевич Пуаре ба түүний компани.

Түүний үүсгэл санаачлагаар 1924 онд Женев хотод Caran d’Ache компани анх байгуулагдсан агаад тэрээр компанийнхаа бүтээгдэхүүний анхны эскиз, загварыг нэг бүрчлэн зурж, өөрийн уран сэтгэмж, санаа бодлыг шигтгэн хийж байжээ. Харин тус компанийн анхны үйлдвэрийг түүний уран бүтээл, бизнесийн залгамжлагч Арнольд Швейцер байгуулж, өдгөө хүртэл дэлхийд тэргүүлж буй эл компанийн хөгжлийн үндэс суурь тавигджээ.

Тус компани нь 1929 онд анхны механик харандаа буюу авто үзэг хийж эхэлсэн, 1930-аад оноос алт, мөнгөн хошуу, чимэглэл бүхий үзэгнүүд үйлдвэрлэх болсон, 1970 оноос Madison нэртэй шинэ цуглуулгаа гаргаж эхэлсэн, 1978 оноос тамхины асаагуур, запас хийх болсон, улмаар 1994 онд авто үзэг, асаагуурын Private Collection-оо үйлдвэрлэж эхэлсэн гээд компанийн түүх арвижсаар иржээ. Улмаар 2000 онд цагаан алтан шигтгээтэй үзэг нь дэлхийн хамгийн үнэтэй авто үзгээр шалгарч, Гиннесийн номд бичигдэж байсан аж.

ЗУУН ДАМЖСАН ТӨГӨЛДӨР ХУУР

Барууны орнууд эртний уламжлалтай суурьшмал амьдралтай учраас тэр хэрээр хот суурин, барилга байгууламж, түүх, соёл, эдэлж хэрэглэж ирсэн эд агуурс нь хүртэл түүх өгүүлэх нь олонтоо. Тийм нэг швейцар айлд зочлов. Хүүхдүүдийн танил тэр гэр бүлийн эзэгтэй нь швейцарын уугуул иргэн, нөхөр нь перу гаралтай аж.

Тэд эзэгтэйн өвөг эцгээс аавд нь өвлөгдөж ирсэн авсаархан хэрнээ хоёр давхар, нэлээд дээхэн үеийн хийц загвартай хувийн байшинд амьдардаг. Нөхөр нь перудаа бас хувийн жижиг эдлэн газар, байшинтай, Женевт сэрүү орохоор нь Перуд очиж намаржиж өвөлжөөд дулаахаар нь буцаж ирдэг гэнэ.

Гэрийн эзэгтэйн өвөг эцэг цагтаа боловсролтой, хөрөнгө чинээтэй нэгэн байжээ. Өвөө нь газар зүй сонирхож элдэв чулуу, ургамал цуглуулдаг, бас аялах дуртай. Харин эмээ нь хөгжим сонирхдог байсан гэнэ. Манайхаар бол бараг дөрвөн айлын өмчлөх хэмжээний эдлэн газартай, урьд нь жимс, ногоо тарьдаг байсан боловч сүүлийн үед хүн хүчгүйгээс юу ч тарьж ургуулахаа больсон гэнэ. 

Даниел авхайн эцгээсээ өвлөсөн хувийн байшин

Гэрийн эзэгтэй биднийг жигнэсэн төмс, үхрийн хатаасан мах, гахайн махан хиам, халаасан бяслагтай швейцар маягийн хоолоор дайлав. Төмсөө хальсалж нимгэн нимгэн зүсээд дээр нь тусгай зориулалтын халаагчид хутгуурт хийж халаасан бяслагаа нимгэн түрхээд гахайн махан хиамаа тавьж иддэг аж. Илчлэг ихтэй, жаахан нялуундуу л болохоос биш дажгүй амттай юм.

Эднийд анхаарал татсан нэг ховор зүйл байсан нь концертны зориулалттай дунд гарын Roal төгөлдөр хуур юм. Өнгө үзэмж нь жаахан хуучирсныг эс тооцвол хөг дан гэж жигтэйхэн гоё, дуугаралт сайтай аж. Хөгжмийн хавхлагны дотор талд “С.Bechstein. 1896. Berlin” гэсэн бичээс бүхий эл төгөлдөр хуурыг анх Женевын телевиз, радиогийн студид хэрэглэж байсан түүхтэй гэнэ.

Түүх сөхвөл Германы иргэн Карл Бехштейн (C.Bechstein) анх 1853 онд өөрийн компанийг үүсгэн байгуулж, алдартай гранд төгөлдөр хуурыг анхлан бүтээж, улмаар дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх буянт үйлсийн эхлэлийг тавьжээ. Удалгүй Английн Хатан хааны ордонд шилдэг төгөлдөр хуурчид, хөгжмийн зохиолчдын хамт төгөлдөр хуурын анхны концертоо тоглож, Парис, Санкт-Петербургт салбараа нээж, хөгжмийн академиа үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.

Карл Бехштейн ба түүний компанийн төв байр. 1890-ээд оны.

Харин 127 жилийн түүхтэй энэхүү төгөлдөр хуурыг өдгөө жар гарсан Даниел эзэгтэйн өвөг эцэг хэзээ, хаанаас, гэртээ хэрхэн авчирсан үүх түүхийг мэдэх хүн үгүй юм. Нэлээд дээхэн үед баригдсан болов уу гэмээр загвар, ур хийц тааруухан энэ байшингийн хоёрдугаар давхрын блокон бүхий жижгэвтэр өрөөнд түүнийг хүүхэд ахуй үед нь л энэхүү төгөлдөр хуур байсан, тэр чигээрээ өдгөө хүрч ирсэн гэдгээс цааш мэдэх зүйл үгүй гэдгээ тэр хэлж байв.

Ийм л түүхтэй, зуун дамжсан нэгэн төгөлдөр хуур айлын жижиг өрөөнд чимээ аниргүй, үүх түүхээ хадгалсаар авай.

Хэлтэйсэн, ярьдагсан бол энэ төгөлдөр хуур урлагийн алтан тайзнаа хэрхэн уянгалж, олны сонорыг мялааж, танхим дүүрэн үзэгчдийг сэтгэлийн баяр цэнгэлд умбуулж, тоглож асан хөгжимчдөө олонд гайхашруулж явснаа бардам сайхнаар өгүүлэх байсан биз ээ.

                                     Үргэлжлэл бий…

                                      Швейцар, Женев хот. 2023 оны дөрөвдүгээр сар.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу