Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус айлчлалтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев энэ сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Гадаад хэргийн сайдын хамт тус улсын Хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдааны яамны дэд сайд, Татварын Ерөнхий газрын дарга зэрэг өргөн бүрэлдэхүүн ирж, манай улсын холбогдох яам, салбаруудтай хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцохоор төлөвлөсөн.

Ерөнхийлөгч Садыр Жапаровын айлчлалын үеэр Монгол Улсад Киргиз Улс ЭСЯ-аа нээх шийдвэрийг гаргасан байна.Өмнө нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлддэг байсан. Иймд шууд нислэгийг сэргээх, зарим нэг техникийн чанартай асуудлыг шийдвэрлэхээр ярилаа. Түүнчлэн манай хоёр орон харилцан визгүй зорчдог.

Тиймээс энэхүү боломжоо ашиглан аялал жуулчлалын салбарын хөгжлийг түлхэх, иргэд хооронд хоёр улсын талаар харилцан сурталчлах, илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг харилцан солилцох тал дээр ярьсан.

Өнөөдрийн хувьд, хоёр орны худалдааны эргэлт 5-6 сая ам.долларт эргэлдэж байна. Иймд хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, суулгац, мод бут тарих чиглэлээр тус улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийллээ.

ХАА-н салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, тэр дундаа ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр хамтарч ажиллахаа мөн мэдэгдлээ. Манай улсын 8 аж ахуйн нэгж Киргиз Улсад үйл ажиллагаагаа явуулдаг.

Эдгээр компаниудыг дэмжих, бизнес хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан ярилцсан болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу