ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай…

/Сэтгүүлч Ш.Содномжамцын Швейцарын Женев хотоос хийсэн аян замын тэмдэглэлийг цувралаар хүргэж буй билээ. Тэмдэглэлийн дөрөв дэх хэсгийг танд хүргэж байна.

Аян замын цуврал тэмдэглэлийн

  • Нэгдүгээр хэсгийг ЭНД,
  • Хоёрдугаар хэсгийг ЭНД,
  • Гуравдугаар хэсгийг ЭНД,
  • Дөрөвдүгээр хэсгийг ЭНД,
  • Тавдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу/

ЧАПЛИН, ГОГОЛЬ, ЭМИНЕСКУ ГУРАВ

Швейцарын том, жижиг аль ч хотод улс орныхоо түүхэнд алдар нэрээ үлдээсэн төр, шашны зүтгэлтнүүд, цэргийн жанжин, эрдэмтэн мэргэд, тэр байтугай тухайн хотод урт, богино хугацаанд амьдарч байсан гадаадын нэр алдартай хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, цээж баримал, талбай, дурсгалын цогцолборууд олонтоо тааралдах юм.

Женев нуурыг чигмэглэх эртний түүхт Вевей хот

Женев нуурын зүүн эрэг дагуу орших Вевей гээд аялал жуулчлал, амралтын цогцолбор бүхий жижигхэн сууринд л гэхэд дэлхийд алдартай жүжигчин, зохиолч, яруу найрагч гурван эрхмийн дурсгалд зориулсан цээж баримал хөшөөг босгосон байх аж.

АНГЛИЙН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЧАРЛИ ЧАПЛИН

Америк, Английн кино жүжигчин, зохиолч, хөгжмийн зохиолч, кино найруулагч, продюсер, редактор, дэлхийн кино урлагийн мастер, дэлхийн киноны хамгийн алдартай дүрүүдийн нэг болох Чарлигийн инээдмийн дүрийг дэлгэцнээ бүтээж мөнхөлсөн алдарт жиүжигчин Чарли Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лондон хотод төржээ. Аав нь 37 настайдаа архины улмаас нас барсан тул Чаплин таван настайгаасаа тайзан дээр гарч эхэлсэн гэдэг. Учир нь янз бүрийн театрын тайзнаа дуучдын дүрээр тоглодог байсан ээж нь дуулж чадахаа больсон учраас тэрээр ээжийгээ орлон хааяа тайзнаа гарах болсон аж. Ийнхүү түүний урлагийн урт зам эхэлсэн байна.

Чарли бол дэлхийн кино урлагийн хамгийн алдартай инээдмийн дүр

Алдарт жүжигчнийг 1952 онд төрсөн эх орон Англи улсдаа зочлон уран бүтээлээ толилуулж байх зуур түүнийг АНУ-д дахин нэвтрүүлэхгүйгээр хөөсөн тухай мэдээ сонссон аж. Ингээд АНУ-аас хөөгдсөн тул тэрээр Швейцар улсыг зорьж, Женев нуурын зүүн эрэгт орших Вевей хотод ирж суурьшив.

Америкт нэвтрэхийг хориглож магадгүй гэдгийг урьдчилж харсан Чаплин эхнэртээ бүх өмч хөрөнгөө итгэмжлэлээр өгсөн байжээ. Ингээд эхнэр нь түүний бүх үл хөдлөх хөрөнгийг зарж, хүүхдүүдээ аваад Швейцарь ирж хамтдаа амьдарсан байна. Чарли Чаплин 1922 онд Беверлин халлст 40 өрөө, дотроо кино театр бүхий асар том харш бариулаад амьдарч байсан аж.

Тэрээр анхны бүрэн хэмжээний дуутай кино болох “Аугаа дарангуйлагч” 1940 онд бүтээжээ. Гитлерийн эсрэг агуулга, үзэл санаа бүхий энэхүү киног бүтээсний дараа түүнийг хэлмэгдүүлж, “Америкийн эсрэг үзэлтэн”, “коммунист үзэл санааг баримтлагч” гэх зэргээр буруутган шүүмжлэх болжээ. Мөн еврей, коммунист хэмээн нэрлэж, буруутгаж нэр хүндийг нь унагах, сэтгэл зүрхийг нь мохоохыг нь ч оролдож байв.

Түүний бүтээсэн “Агуу дарангуйлагч” бүрэн хэмжээний, дуутай кино

Холбооны мөрдөх товчоо түүнийг мөрдөн хянаж, “Өөрийг нь орогнуулсан Америк оронд талархалгүй хандсан” хэмээн зэмлэх, шүүмжлэхийн зэрэгцээ иргэншил авахыг ятгах нь ч олонтоо байж. Гэвч Чаплин хэзээ ч Америкийн иргэншлийг хүлээж аваагүй аж.  

Тэрээр өөрийн үзэл бодол, уран бүтээлийнхээ үндсэн зарчимд үнэнчээр үлдсэн төдийгүй 1922, 1972 онуудад кино урлагийн Оскарын шагналыг хоёронтоо хүртэж, дэлхийн кино урлагийн дэлгэцнээ төдийгүй урлагийн олон салбарт алдар нэрээ мөнхөлсөн гайхамшигт уран бүтээлч байсан билээ.

 

Вевей хот дахь Чарли Чаплины дурсгалын хөшөө, гэр музей

Чарли Чаплин эл жижиг хотод гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт 24 жил амьдарч байгаад 1977 оны арванхоёрдугаар сарын 25-нд 88 настайдаа таалал төгсчээ. Түүний шарилыг нутгийн оршуулгыг газарт оршуулсан боловч гурван сарын дараа хэдэн хүн оршуулгын газарт халдаж, алдарт жүжигчний шарилыг авахаар ухаж байсныг нутгийн иргэд мэдээд цагдаад хэлж таслан зогсоон аж. Ингээд талийгаачийн шарилыг Меруз хэмээх оршуулгын газарт шилжүүлэн хоёр метр шахам зузаан бетонон зуурмагийн дор дахин бунхалж оршуулсан гэнэ.

Мөн амьдран сууж байсан хоёр давхар байшинг нь уран бүтээлчийн гэр музей болгон тохижуулж, Вевей хотын олны хөл ихтэй газар болох Женев нуурыг эргийн ойролцоох хэсэг газрыг түүний нэрэмжит талбай болгож, хөшөөг нь босгож мөнхөлсөн нь энэ ажээ.

ОРОСЫН СОНГОДОГ ЗОХИОЛЧ ГОГОЛЬ

Вевей хот дахь Чарли Чаплины хөшөө бүхий нэрэмжит талбайтай зэрэгцээд Оросын алдарт зохиолч Николай Васильевич Гоголийн хөшөө, түүний нэрэмжит авсаархан талбай байдгийг сонирхов. Н.В.Гоголь 1809 оны гуравдугаар сарын 20-нд Украины Полтава хотын ойролцоох Васильевка тосгонд төржээ. Гэр музей нь ч эдүгээ тэнд байдаг гэнэ.

Алдарт зохиолчийн “Тарас Бульба”, “Байцаагч түшмэл”, “Амьгүй албат” гээд дэлхийд алдартай олон зохиолыг манай ард түмэн эх хэлээрээ уншиж ирсэн билээ. Түүний шилдэг бүтээлүүдийн нэг болох 1840 онд бичсэн “Тоглоомчид” хэмээх зохиолыг ойрмогхон Улсын драмын эрдмийн театрын тайзнаа жижиг болгон найруулж тавьсан дуулдав. 

Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголь

Н.В.Гоголийг амьд ахуйд нь лам, хошин шогч, ид шидтэн гэх зэргээр элдвээр нэрлэж, түүний уран бүтээлд уран зөгнөл, бодит байдал, гоо сайхан, бас эмх замбараагүй явдал, эмгэнэлтэй, инээдтэй явдал сүлжилдэж байдаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Тэрээр огт гэрлэж үзээгүй нэгэн юм. Тиймээс ч зохиолчийн уран бүтээлийг судлаачид хэдэн үеийн турш Гоголь яагаад гэрлээгүй, “Амьгүй албат” зохиолынхоо хоёр дахь ботийг яагаад шатаасан, ер нь шатаасан уу, үгүй юү, эцэстээ зохиолчийг чуха юу хөнөөв гэх зэрэг асуултыг олонтоо тавьж, аль ч асуултад нь тоймтой хариулт өгч чадаагүй ирсэн ажээ.

Николай Васильевич 1852 оны хоёрдугаар сарын 21-нд насан өөд болж, шарилыг нь Свято-Даниловын хийдийн оршуулгын газарт оршуулжээ. Гэвч 1931 онд уг хийд болон түүний харьяаны оршуулгын газрыг хаасан байна. Ингээд их зохиолч Гоголийн цогцсыг Новодевичийн оршуулгын газарт шилжүүлэн байрлуулахаар авсыг нь гаргахад талийгаачийн гавлын ясыг хулгайлсан байсныг мэдсэн гэдэг яриа байдаг.

Вевей хотын цэцэрлэгт хүрээлэн дэх Н.В.Гоголийн дурсгалын хөшөө

Гоголийн авьяасыг ихэд хүндэтгэдэг байсан Михаил Булгаков сонгодог зохиолчийн гавал хулгайлагдсан тухай яриаг хожим “Мастер, Маргарита хоёр” романдаа ашигласан гэдэг юм билээ. Гол нь Оросын сонгодог зохиолчийн хөшөө барималыг алс Швейцарын энэ жижиг хотод яагаад босгов гэдэг нь сонин. Зохиолч Н.В.Гоголь 1836-1848 онуудад Баруун Европоор аялж, энэ зуур эх орондоо хоёр ч удаа ирж буцаж байжээ. Тэрээр энэ хугацаанд Газар дундын тэнгисээр аялж, Ариун газар, Ариун буланд мөргөл үйлдэж, Италид дөрвөн жил орчим амьдарч, уран бүтээлээ бичиж, эргэцүүлж байсан аж.

Ийнхүү тэрээр Баруун Европоор аялах үеэрээ 1836 онд Швейцар улсад түр саатаж, Женев нуурын зүүн эргийн Вевей хэмээх энэ жижиг хотод хэсэгхэн зуур амьдарч байжээ. Тиймээс түүний дурсгалд зориулан босгосон эл хөшөөн дээр “1809 онд Полтавад төрсөн дэлхийн зохиолч Николай Гоголь энд ажиллаж, амьдарч байжээ” хэмээн сийлжээ. Мөн эл хөшөөг барималч Анатолий Валиев, архитектурч Юрий Подгородецкий, “Художник” хэвлэлийн газрын захирал Валерий Шевелюк нар бүтээсэн тухай бичсэн байна.

РУМЫНЫ ЯРУУ НАЙРАГЧ ЭМИНЕСКУ

Михай Эминеску бол Румынд төдийгүй Баруун Европт алдартай яруу найрагчдын нэг юм. Тэрээр 1850 оны нэгдүгээр сарын 15-нд Молдавт олон хүүхэдтэй тариачны гэр бүлд төржээ. Гимназид суралцаж байхдаа буюу 1866 онд анхны шүлгээ хэвлүүлж байсан аж. Дараа нь дээд сургуульд элсэн суралцахаар шамдаж, улмаар тамирчин, дасгалжуулагч болохыг мөрөөддөг байжээ.

Гэвч амьдралын дутуу гацуу байдлын улмаас эцгийнхээ шаардлагын дагуу биеийн тамирын сургуулиа дүүргэлгүй орхиж, их сургуульд сайн дурын ажилтан болж, энэ зуураа философи, гүн ухаанд суралцаж, үзэл санаагаа төлөвшүүлэхийг оролдож эхэлжээ. Олон газарт очиж, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд, эгэл жирийн хүмүүстэй уулзаж, завсар хооронд нь шүлэг, зохиол, нийтлэлээ бичиж хэвлүүлж байж. Хөрш зэргэлдээ улс орнуудаар нэг бус удаа аялж, уран бүтээл туурвих, гүн ухаан сонирхох зуураа Швейцар улсад ирж Женев нуурын эрэгт саатаж байсан удаатай аж.

Хэдийгээр тэрээр насан туршдаа шүлгийн цорын ганц номоо 1883 онд хэвлүүлсэн ч гэлээ романтик яруу найрагч, авьяаслаг зохиолч, сэтгүүлч, Румыны хамгийн алдартай, нөлөө бүхий яруу найрагч хэмээн нэрлэгддэг аж. Эдүгээгийн Румын улсын мөнгөн тэмдэгт 500 лейны дэвсгэртийн нүүрэнд яруу найрагчийн зургийг хэвлэсэн байдаг нь алдар хүндийн илэрхийлэл яах аргагүй мөн юм. Харамсалтай нь тэрээр 1889 оны зургаадугаар сарын 15-нд Бухарест дахь сэтгэцийн эмнэлэгт нас баржээ. 

Яруу найрагч Михай Эминескуг зөвхөн Румынд төдийгүй Европчууд үнэлдэг аж

Харин Швейцарын Вевей хот дахь нэрт яруу найрагчийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болгож, Швейцар улсад суугаа Румын улсын Элчин сайдын яамны санаачилгаар босгосон аж. Хөшөөний нүүрэн хэсэгт “1850-1889 он. Румыны яруу найрагч Михай Эмнискеу” хэмээн бичжээ.

Нэрт яруу найрагч Михай Эминеску нь румын, молдав хүмүүсийн хувьд ариун нандин, бахархалт хүмүүн юм. Тиймээс түүний гэгээн дүрийг нар жаргах үед гайхалтай сайхнаар харагдахаар дээрх гэрэлт баримлыг босгосон байдаг ажээ.

 

Үргэлжлэл бий…

  Швейцар, Женев хот. 2023 оны дөрөвдүгээр сар.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу