ХОЛЫН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ

Сэтгүүлч Ш.Содномжамц

Хаврын сарын дундуур амин хувийн ажлаар Швейцарын Женев хотыг зорьж, хүүхдүүдтэйгээ уулзан, хөгшин Европоор сар гаруйн хугацаанд амарч аялав. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө эртлэн хөөрч, Туркийн Стамбул хотын нисэх буудалд хоёр цаг амсхийгээд цааш дөрвөн цаг орчим нисээд Женевийн нисэх буудалд газардав. Стамбул хот манайхаас таван цаг, Женев хот долоон цагийн зөрүүтэй тул цагийн зөрүү, өдөр, шөнө тэнгэрийн уудамд өнгөрч таарав.

Хоёр улсын бум бужигнаж, түм түжигнэсэн нисэх онгоцны буудал дамжиж, арван хэдэн цаг нисээд зорьсон газраа саадгүй ирэв. Женевт урьд орой нь бага зэрэг бороо орсон, цаг агаар гэж ёстой янзтай сайхан. Орон сууцны гурван давхрын тавцанд агаарлаж, хавь орчныг ажиглаж суухад нэн таатай…

/Сэтгүүлч Ш.Содномжамцын Швейцарын Женев хотоос хийсэн аян замын тэмдэглэлийг цувралаар хүргэж буй билээ. Тэмдэглэлийн дөрөв дэх хэсгийг танд хүргэж байна.

Аян замын цуврал тэмдэглэлийн

  • Нэгдүгээр хэсгийг ЭНД,
  • Хоёрдугаар хэсгийг ЭНД,
  • Гуравдугаар хэсгийг ЭНД,
  • Дөрөвдүгээр хэсгийг ЭНД,
  • Тавдугаар хэсгийг ЭНД,
  • Зургаадугаар хэсгийг ЭНД дарж уншина уу/

ХАНДЛАГА БА ХАРАХ ӨНЦӨГ

Швейцар нь нуур болоод гол мөрөн, цаст оргилууд, цавчим өндөр уулсын орон гэж тэмдэглэлийн өмнөх хэсэгт өгүүлсэн. Тэдгээр олон арван нуурын хамгийн том нь Европын төвд оршдог, цэнгэг ус, үзэмж тансаг орчноороо дэлхийд алдартай Женев нуур юм. Альпийн нуруу, Төв Европын хоёр дахь том цэнгэг усны нөөц, Рон мөрний татамд оршдог гэдгээрээ бас онцлогтой.

Нутгийн иргэд Женев нуурыг ихэвчлэн Леман гэж нэрлэдэг. Учир нь Жене нуур нь баруун талаараа Женев хот, зүүн талаараа Лозанна хот, харин баруун өмнөд талаараа Францын хотууд хаяа залгадаг агаад нуурын тэг дундуур Швейцар, Франц хоёр улсын хилийн зааг оршдог аж. Тиймээс швейцарчууд уг нуурыг Женев, харин францчууд Lak Leman хэмээн нэрлэдэг байна. Нуурын зүүн эрэг дагуух хурдан галт тэрэг, Европын орнуудыг холбосон олон улсын авто замаар Лозаннагаас эхлээд Верн, Цюрих хотууд, цаашлаад Лихтенштайны вант улс, Австри улс руу, жаахан зүүн урагшлаад Итали улс руу, баруун урагш Франц улс руу давхиад хүрчихнэ.

Үзэсгэлэнт Женев нуур, Альпийн нурууны хослол

Женев нуур нь нийтдээ  582 хавтгай дөрвөлжин километр талбайтай, бүхий л эрэг дагуу нь үлгэрийн гайхамшигт сүм хийд, зочид буудал, амралт зугаалгын газрууд, усан боомтууд дүүрэн юм. Жуулчид гатлага онгоц, сэлүүрт усан онгоц, моторт болон далбаат завь хөлөглөн нуурын тунгалаг мандлаар зугаална. Ийм амгалан, таатай газарт наранд шарж, дарс шимцгээн алсын цаст оргилыг ширтэн суухыг хүсэхгүй хэн байх билээ. Нуураас дээш өргөгдсөн уулын энгэр нь усан үзмийн тариалан, жимсний цэцэрлэгээр бүрхэгджээ.

Альпийн нуруу нь нуурын мандлыг салхинаас маш найдвартай хамгаалдаг тул усны мандал нь бараг хөдөлдөггүй, толин цэнхэр өнгө нь ямагт цэвэр тунгалаг гэрэлтдэг аж. Нуурын усны толин мандалд уулын сүрлэг оргил, хажуу бэлийн усан үзмийн талбай, өндөр уулс, дундад зууны үеийн цайзууд, түмэн зүйлийн цэцэгс, эртний сүм хийд, хөшөө дурсгал, уран баримал, загвар дизайны олон шийдэл бүхий байшин барилгууд өнгө сүлэлдэх нь нэн таатай.

Европ даяар өргөн тэмдэглэдэг улаан өндөгний баярын амралтын нэг өдрийг Женев хотоос машинаар гарч, алдарт Лейкербад орох зуураа Женев нуурын зүүн эрэг дагуу орших эртний түүхтэй Лозанна, Вевей, Монтре, Виллениве зэрэг том, жижиг хотуудаар дайрч, нуурыг зүүн талаас нь сонирхов.

Монтре хот дахь Фредди Меркуригийн хөшөө

Швейцарын соёлын төвүүдийн нэг болох Лозанна хот нь Женев нуурын хойт эрэг, Монте нуурын зүүн төгсгөлд оршдог аж. Эл хот нь гоо сайхны бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээний төвүүд, кабаре, баар, хувийн их сургуулиуд, дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд ихтэй. Байшин барилгууд нь уулын бэлээс тагт, оройд хүртэл сунаж баригдсан, давчуу нарийн гудамжтай ч өвөрмөц хийцтэй сүм, суварга, хөшөө дурсгал бүхий цэлгэр талбайнууд хааяа тааралдана.

Уулс, нуур, сэтгэлийн амар амгалан

Харин Вевей хот нь Лозанна, Монтре хотын дунд оршдог, нам гүм байдал, байгаль экологийн маш сайхан тогтоц, үзэмжтэй гэдгээрээ алдартай аж. Чихэрлэг амттан, сайн чанарын кофены алдартай брэнд болох Nestle компанийн төв байр энд байдаг гэнэ. Мөн Хуучин хотын музей, тоглоомын газрууд, Чаплин зэрэг дэлхийн нэртэй хүмүүсийн хөшөө баримал гээд үзэх юм ихтэй. Бас Женев нуурын усан дотор босгосон асар том сэрээ байх аж. Энэ нь нуурын усны түвшинг хэмждэг бололтой юм.

Женев нуурын сэрээ

Маргааш нь хурдан галт тэргээр найман буудал яваад Францын нутаг руу орж, Женев нуурын баруун эргийн аялал жуучлалын газруудыг сонирхсон юм. Нуурын баруун эрэг дагуу Францын жижиг хот, суурин, аялал жуулчлалын газрууд, усан портууд дүүрэн юм. Амралтын өдөр тул хүмүүс хүүхдээ дагуулаад, нохойгоо хөтлөөд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө олуулаа нуурын эрэгт амарч зугаална. Томчууд нь гадаа зассан ширээнд хооллож, пиво, дарс шимцгээн хүүхдүүд нь тоглоомын талбайд наадаж шуугилдана. Ёстой нэг нар нь гарч байгаа бололтой хүүхдийн инээд цалгина.

Нуурын эрэг амрагчдын ая тухтай газар

Швейцар, Францын хотууд, аялал жуулчлалын газруудыг ажиглахад мөнгөнөөс илүүтэй хүний ая тух, аюулгүй байдлыг хангадаг, үзэж сонирхох юмыг бага гэхгүй ач холбогдол өгч анхаардаг, дэд бүтцийн асуудлыг ихэд чухалчилдаг юм байна. Нуурын эрэгт амрахаар ирсэн жуулчид аялагчид амар амгалан, тайван, тав тухтай амарч, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломжтой. Наран шарлагын газрууд нь ихэвчлэн өвслөг ургамлын бүрхэвч, зүлэг ногоотой, гудамжинд нь годуу далдуу модод ургадаг, эргийн дэнж нь усан үзмийн тариалан эрхлэхэд нэн тохиромжтой аж.

Цаст уул, цэнхэр нуур, амтат жимсний нутаг

Ер нь Женев нуурын эрэг орчим нь ая тухтай амралтын газрууд, амт чанартай хоолтой рестаронууд, дарсаараа алдартай. Нуурын ус нь аялал зугаалгаас гадна эмчилгээ сувилгаанд ач тустай гэнэ. Тухайлахад нуурын баруун эрэг Францын талд байдаг Эвиан-пе-Бейн гэдэг амралтын хотхонд янз бүрийн харшил, мэдрэлийн ядаргааг анагаах зориулалттай рашаан сувилал байдаг, газар газраас жуулчин аялагчид ч их ирдэг гэнэ. Мөн зэргэлдээх Тохонн-Лес-Вайнс нь хоргүйжүүлэх эмчилгээ, бөөрний өвчинд тустай сувиллаараа алдартай гэцгээдэг байна.  

Швейцарын хаана ч очсон хүмүүс амарч зугаалах дэд бүтэц, зам талбайг маш сайн бүрдүүлдэг, харж сонирхох зүйлсийг бага гэхгүйгээр анхаарч, сэтгэмж мэдрэмж гаргаж хийсэн байх юм. Хуучин модны хожуул, мөчрийг хүртэл эвийг нь тааруулан эвтэйхэн засаж янзлаад элдэв амьтны дүрс хэлбэртэй болгоод гудамж, талбайд, байшин барилгынхаа хажууд байрлуулсан нь муухай харагдахгүй байна лээ. Авсаархан зай талбайг засаж янзлаад нүдэнд аятайхан төрхтэй болгочихдог, бүхий зүйлд хүний ая тухтай, аюулгүй таатай байдлыг чухалчилдаг, яг л швейцар цаг шигээ бүх ажил, асуудалд хандаж, яг таг шийддэг нь швейцарчуудын, ер нь барууныхны нэг онцлог чанар бололтой.

Эгдүүтэй, хөгжилтэй, сонирхол татам хөшөө баримлууд олон

Европын орнуудын нэг онцлог нь хот төв, зах гэхгүйгээр амралт зугаалга, аялал жуулчлалын газрууд нь үргэлжилнэ. Гэтэл манайд ямар билээ, хэдэн жуулчин суулгаж хотоос гараад гурав, дөрвөн зуун км давхиж байж Өвөрхангайн Элсэн тасархай, Хархорин, эсвэл Хэнтийн Цэнхэрмандал, аймгийн төв орно. Замд хэдэн сум, суурингийн төв, амралтын газрууд, айлууд л тааралдана. Эзэнгүй юм шиг эзгүй хээр нутаг, багширсан мал сүрэг л жуулчдын нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээнэ. Үзэх юмаар маруухан, очих газар нь хол, зам харгуй нь сайнгүй, тохь тухаар ч тааруухан. Энд мэдрэмж, сэтгэлгээний хоцрогдол дутаад байх шиг санагдана.

Женев нуурын баруун эрэг дагуух Францын амралт, аялал жуулчлал жижиг суурингаар аялахад хуучин модны хожуул, мөчрийг хүртэл эвийг нь тааруулан эвтэйхэн засаж янзлаад элдэв амьтны дүрс хэлбэртэй болгоод гудамж, талбайд, байшин барилгынхаа хажууд байрлуулсан байх аж. Хоолны газар нь л гэхэд модны хожуулыг засаж янзлаад ном уншиж суугаа хүүхдийн дүрс хэлбэртэй болгоод хоолныхоо менюг бичсэн нь жуулчид ихэд сонирхож байгаа харагдав.

Өнгө, дизайн, мэдрэмжийн хослолууд

Суурингийн төв гудамжинд жижигхэн талбай гаргаж, дээр үеийн франц айл гэр хэрхэн аж төрж амьдардаг байсныг нэг ёсны амьд үзүүлэн маягаар харуулж засаж тохижуулсан байх аж. Ногооны талбай, тарьсан цэцэг ургамал, усанд ордог, бие засдаг өрөөнүүд, хашаа, саравч, түлээний амбаар, хөрөөдөөд хагалж хураасан түлээний мод, бас модоор хийсэн яндан, пийшин гээд өнөө үеийн хүүхэд залуус нүдээр харах нь байтугай төсөөлж байгаагүй ахуйг эндээс харж болох ажээ.

Энэ нь гадаадын жуулчид төдийгүй өөрийн орны хүүхэд, залууст түүх, уламжлалт ахуйгаа мэдэж авахад ач холбогдолтой үзмэрүүд юм. Бас гудамжны голын зүлгэн дээр модон хийцтэй дунд гарын төгөлдөр хуур байрлуулж, эргэн тойронд нь хөгжмийн долоон нот цацарч буйг харуулжээ. Харахад модон хайрцаг нь гандаж халцарсан ч гэлээ хөг аялгуу сайтай, сонин үзмэрийн нэг аж.

Дээхэн үеийн франц айлын амьдралын төрх байдал

Авсаархан зай талбайг засаж янзлаад нүдэнд аятайхан төрхтэй болгочихдог, бүхий зүйлд хүний ая тухтай, аюулгүй таатай байдлыг чухалчилдаг нь барууныхны нэг онцлог чанар юм. Аялал жуулчлалын маршрут, дэд бүтэц, жуулчдад үзүүлж харуулах юмыг холын замаас бус хотын төвөөс, захаас эхэлж, давхиж ядраагаад нэг газар очдог биш зам зуураа бага гэхгүйг үзүүлж сэргээсээр буцаадаг болмоор. Тэгж байж л жуулчид сэтгэлдээ нэгийг мэдэрч, хоёрыг ухаарч буцна. Түүнээс манайх дэлгэр сайхан нутагтай гэж цэлийсэн талаар давхиулсаар буцаадаг цаг өнгөрчээ. Тэр сайхан талд жуулчдын сэтгэлийг татаж, хонон өнжин саатах ая тухыг бүрдүүлэх нь л чухал юм.

ХОТ БА МАШИН ТЭРЭГ

Женев хотын гудамжаар дэлхийн автомашин үйлдвэрлэгч гол компаниудын нэр хүнд, брэндийг илтгэх ганган хээнцэр машинууд сүлжилдэнэ. Герман, Америк, Франц, Англи, Итали, Япон, Өмнөд Солонгос, Бразил, Чех гээд олон нэр төрлийн, олон өнгө загварын машин харагдана. Гэхдээ манай Улаанбаатарын гудамжаар дүүрэн холхилддог шатахуун их иддэг, бартаат зам туулах чадвартай том том жийпнүүд огт харагдахгүй.

Шороо тоос, шавар шавхайд дарагдсан, аваар осолд орж элдэв сэв зураас, эвдэрхий, хагархай болсон, утаа май татуулсан гээд манайд бол хариуцлагагүй жолооч, хуучирсан техник, замын хөдөлгөөний гажуудлыг машин техникийг нь хараад л мэдэх боломжтой. Тэгвэл Женевт машин тэрэг нь дөнгөж сая угаасан мэт шороо тоосгүй, цэвэрхэн, гол төлөв гэр бүл, хувийн хэрэгцээ, ажил хэргийн байдалд зохицсон дунд гарын болон түүнээс жижиг машиныг их унадаг юм байна. Швейцарт ирснээс хойш хотын гудамжинд ганц ч ширхэг Land cruiser, Nissan Patrol явахыг харсангүй.

Женев хотод түгжрэл, саатал гэдгийг огт мэдэхгүй. Хот дотор трамбай, автобус, тролейбус, такси, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд яг тогтоосон чиглэл, цаг минутын хуваарийн дагуу үйлчилдэг аж. Зогсоол дээрх автомат машинаас нэг хүн гурван швейцар франкны зоосон мөнгөөр билет аваад трамбай, тролейбус, автобусны алинд ч суугаад нэг цаг зорчих боломжтой. Бас еврогоор ч билет авч авч болно, гэхдээ ханшны багахан зөрүүтэй. Зогсоолын самбар дээр явах чиглэл, ирэх хугацаа, салаалж явах тээврийн хэрэгслүүдийн дугаарыг маш тодорхой бичсэн байдаг. Нийтийн тээврийн хэрэгслүүд нь яг тогтоосон хуваарьт цаг, минутдаа, ихэнхдээ хоёроос таван минутын зайтай ирнэ.

Жолооч нар нь иргэддээ ихэд хүндэтгэлтэй хандаж, гэрлэн дохиогүй замаар заавал явган хүнээ эхэлж нэвтрүүлнэ. Дуут дохио бараг дуугаргахгүй, гэрлэн дохио нэвтрэх гээд хурдалж давхиад байхгүй. Замын тэмдэг, тэмдэглэгээ нь маш тод, гэрлэн дохионы шонд хараагүй, сонсголгүй хүмүүст зориулсан дуут дохио, хонх байрлуулсан байх аж. Албан байгууллага, дэлгүүр, рестарон, орон сууцны гадна талбайд тээврийн хэрэгслүүд зогсож, байршуулж болох тэмдэг, тэмдэглэгээг цагаан, шар зураасаар тод зурж тэмдэглэдэг юм байна. Унадаг дугуй, мопед, мотоцикл байршуулах зогсоолыг ч хүртэл тусгайлан гаргасан байх юм.

Албан байгууллага, орон сууцны гадна талбай, зарим гудамжинд машин байршуулах зориулалттай цагаан, шар, хөх зураасан тэмдэглэгээтэй. Цагаан зураастай нь тухайн орон сууцанд амьдардаг хүмүүс хувийн машины тавих эзэмшлийн зогсоол бол хөх зураастайд нь албан байгууллага, айлд ирсэн хүн машинаа нэг цагийн хугацаанд төлбөргүй тавьдаг. Харин шар зураастай нь албан байгууллагын машин тавих зориулалттай аж. Хэдийгээр тухайн орон сууцанд амьдардаг иргэд нь цагаан зураастай зогсоолд машинаа тавих эрхтэй ч газар ашиглах эрх нь улсын мэдэлд байдаг тул машинтай иргэн жил бүр зогсоолын төлбөр төлдөг гэнэ. Тэр байтугай мотоцикл, мопедоос хүртэл жил бүр татвар авдаг ажээ.

Энэ дашрамд айлын гадаа харсан Mini Cooper гэдэг хөөрхөн машины тухай сонин баримт дуулгах гэсэн юм. Энэ загварыг анх 1959 онд “Британийн мотор корпорац” болон түүнийг залгамжлагчид бүтээжээ. Мөн оны наймдугаар сард Мини-г Остин ба Мор Остин 7, Морисон Мини гэсэн нэрээр анх худалдаанд гаргасан бөгөөд улмаар 1969 он гэхэд брэнд болж чаджээ. Түүнийг анх арьсан суудлын бүрээстэй, улаан хивсэнцэр дэвсгэртэйгээр үйлдвэрлэж байсан гэнэ. Хоёр хаалгатай, дөрвөн хүний суудалтай, хөдөлгүүрийн багтаамж багатай жолоодлого сайтай, хурдлах чадвартай энэ жижигхэн машинаар авто уралдаан, раллид олонтоо оролцож, 1964, 1967 онуудад Монте Карлод болсон авто раллид түрүүлж байсан удаатай аж.

Шинэ машинтай дүйцэхүйд үнэтэй хуучин загварууд

Ийнхүү бүхэл бүтэн нэгэн жарны туршид Mini Cooper, Cooper S загварууд нь Британийн бэлгэ тэмдэг болж, хурд маневр сайтай, үл хөдлөх хөрөнгө, хөрвөх чадварт тооцогдож ирсэн түүхтэй. Түүний орон зай хэмнэсэн хөдөлгүүр болон урд дугуйгаар хөтлөгч зохион байгуулалт нь уг машины дотор талбайн 80 хувийг зорчигч болон ачаа тээшний зориулалтаар ашиглах боломжийг нэг үеийн машин үйлдвэрлэгчдэд олгосон гэж үздэг байна. Харин BMW нь 1994 онд Ровер группийн ихэнх хэсгийг худалдаж авсан ч уг машины брэндийг хэвээр хадгалахын сацуу улам өргөжүүлж сонгодог Mini Cooper хэв загвараар нь хөгжүүлэхийг хичээх болсон аж. Үүний үр дүнд 1999 онд Мини нь 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий онцгой хэв загварын автомашин гэгдэн Форд мотор Т-гийн дараа Citroen DS болон Volkswagon Beetle-ийн өмнө хоёрдугаарт бичигдэж байжээ.

Цагтаа дэлхийг шуугиулж явсан автобрэндүүд

Швейцарын авто машины худалдааны сайтаас харахад 1990 онд үйлдвэрлэгдсэн, 1275 моторын багтаамжтай, 73111 км гүйлттэй Mini cooper S машиныг 11950 франкаар зарахаар байршуулжээ. Энэ нь манайхаар бараг 50 орчим сая төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. Тэгвэл Honda маркийн сүүлийн үеийн загварын мотоцикл нь загвар, хурд, хүч, техникийн үзүүлэлтээс нь шалтгаалаад дээд тал нь 38800, багадаа 7500 франкаар зарахаар тавьсан харагдав. Энэ нь машины үнэтэй мотоцикл гэсэн үг юм.

БУУЖ МОРДОХЫН ЗУУР

Ийнхүү мянган нуурын орон, мянган цаст оргил, сүмбэр уулсын өлгий үзэсгэлэнт сайхан Швейцар улсад хоёр сар орчим амарч аялаад эртний түүхт Турк улсыг зорилоо. Аялал саадгүй сайхан болж, дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Стамбулын олон улсын нисэх онгоцны буудалд танил дүү тосож, тэр даруйдаа хотын төв дэх худалдаа, үйлчилгээний хамгийн том цогцолбор дахь зоогийн газарт оруулж, турк үндэсний хоолоор дайлав. Женевт урьд оройноос эхлээд шөнөжин бороотой байсан бол Стамбулд нарлаг сайхан байлаа.

Дэлхийд алдартай Аяа София хэмээх исламын шашны сүм

Европ-Азийг холбосон эртний түүхт их хөлийн хот Стамбулын өнгө төрх Женевээс тэс ондоо. Бум бужигнаж, түм түжигнэсэн энэ газарт эртний түүх, эдүгээгийн хөгжил, нийгэм болоод хүмүүний амьдралын сайн, муу тал, гэрэлтэй, сүүдэртэй өнгө төрх хослох ажээ. Стамбул нь улсынхаа түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн гол төв төдийгүй дэлхийд гуравт ордог том хот бөгөөд Европ тивийн хамгийн их төвлөрөл бөөгнөрөлтэй хотод ордог. Тус хот нь Хар тэнгис, Гантиг тэнгис хоёрын дундах Босфорын хоолой дээгүүр тавьсан гүүрээр, доогуур нь холбосон хоолойгоор Европ, Ази хоёр тивийг холбодог байна.

Өнөөгийн Стамбулын өнгө төрх

Стамбул нь үнэхээр бум бужигнаж, түм түжигнэсэн их хөлийн хот юм. Наян таван сая хүн амтай энэ улсын хүн амын 13 сая гаруй нь тус хотод амьдардаг, бас нэг өдөрт гадаадын хэдэн арван мянган жуулчин орж гардаг болохоор хүн, машин хоёрын урсгал нүд эрээлжим.

Хотын их хөлийн газраас жаахан холдож, Мачка цэцэрлэгт хүрээлэн түр амсхийх зуураа Монголчуудын их Эзэн Чингис хааны алтан ургийн үр сад болох Хүлүгэй (Kutlug Bilge 745-1368), Төмөр (Timyr 1368-1501), Бат (Baty han 1236-1502) хааны маань цээж баримлууд Туркийн их хаадууд болон Туркийн үндэсний удирдагч, БНТурк улсыг үндэслэгч, тус улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн алтан шаргал цээж барималтай зэрэгцэн оршихыг хараад огшиж бахархаж явлаа.

Дэлхийн түүхэнд нэр нь мөнхөрсөн монгол хаадууд

Төгсөв.

                                                Женев-Улаанбаатар. 2023 оны тавдугаар сар.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу