Өөрийн хөлс, хөдөлмөрөөр мөнгө олж, түүгээрээ авсан зүйлээ хэрэглэнэ гэдэг цаанаа нэг өөр байдаг хэмээн ярих охиныг Наранжаргалын Есүгэн гэдэг. Тэрбээр одоо нийслэлийн 113-р сургуулийн дунд ангид (өөрийнх нь хүсэлтээр насыг нь нууцлав) сурдаг аж. Охин өнгөрсөн жилээс эхлэн зуны амралтаараа ажил хийхийг хүсэж, энэ тухайгаа аав, ээждээ хэлжээ. Тухайн үед аав, ээж нь энэ санааг нь дэмжсэн ч тэгсгээд өнгөрч байж. Харин саяхнаас аавд нь сайхан санаа төрж, багын мөрөөдлөө ч биелүүлж, охиноо ч ажилтай болгохоор шийджээ. Тэр нь “Цасхан” сүүн зайрмагийн мухлаг. 

Охины аав Э.Наранжаргал. Тэр өөрийн гэсэн бизнестэй эрхэлж, хажуугаар нь хоёр, гурван ажил зэрэг хийж яваа залуу. Тийм ч учраас охин нь түүний энэ хөдөлмөрч занг дуурайсан байх гэлтэй. 

Э.Наранжаргал багадаа зайрмагийн мухлагтай болж, хүссэнээрээ зайрмаг идэхийг мөрөөддөг байжээ. Улмаар охин нь ажил хийх хүсэлтэй байгааг мэдээд, багын мөрөөдлөө ч, охиныхоо хүслийг ч биелүүлэхээр шийдэж, сүүн зайрмагийн мухлаг ажиллуулж эхэлсэн байна.

Энэ тухайгаа тэрбээр “Охин маань хар багаасаа л мөнгө олсон гэж хэлж болно. Дөрвөн настай байхад нь би өөрөө өвлийн өвгөн болоод, охиноо цасан охин болгож, дуулуулаад айлуудаар хэсэж, шинэ жилийн “халтуур” хийдэг байлаа. Амьдрахын тулд янз янзын л ажил хийж байсан юм. Тухайн үед охин маань мөнгө гэж мэдэхгүй учраас цалин болгож хувцас авч өгдөг байлаа. Одоо бол мөнгөний үнэ цэнийг мэддэг болчихсон, өөрөө ч ажил хийх хүсэлтэй байгаа учир дэмжиж байгаа нь энэ. 

Биднийг бага байхад зайрмагийн цех гэж байсан даа. Мөнгөө цуглуулж байгаад л тэндээс 50, 100 төгрөгөөр зайрмаг авч иддэг байлаа. Тухайн үед өөрийн гэсэн зайрмагийн цехтэй болоод хүссэнээрээ зайрмаг иднэ дээ гэж боддог байсан юм. Энэ жил миний мөрөөдөл, охины маань ажил хийх хүсэл хоёр огтлолцоод “Цасхан” гэх сүүн зайрмагийн мухлаг ажиллуулж эхэлсэн юм. Мухлагаа зургадугаар сарын 1-нд нээсэн. Харин охин маань өнөөдрөөс /2023.06.07/ эхлэн ажиллаж байна. Охиноо цалинжуулна гэж бодохоор надад маш бахархалтай санагдаж байгаа” гэлээ. 

Харин охин зайрмагийн мухлагт ажиллах хэр байгаа талаар “Найзууд маань зуны амралтаараа ажилласан гэдгийг сонсоод ажил хийж үзэхийг хүссэн юм. Тэр мөнгөө өөртөө зарцуулна гэж бодохоор л сайхан санагдсан. Аавыг зайрмаг хийж байхыг харахад амархан юм шиг байсан. Гэтэл өөрөө хийж үзсэн чинь жаахан хэцүү юм билээ. Эхний хэдэн зайрмагийг маань хүмүүс голоод аваагүй. Одоо бол сайжирч байгаа. 

Өөрөө ажиллаж, хөдөлмөрлөөд мөнгө олж, түүнийгээ зарцуулна гэдэг цаанаа нэг өөр байдаг. Буруу замаар олсон мөнгө хүнд хэзээ ч хоол болохгүй гэж боддог” хэмээн ярилаа. 

Мөн тэрбээр үеийнхэндээ хандан “Хэзээ ч битгий залхуураарай. Хийж чадах зүйл байвал залхууралгүй хийж л байгаарай” хэмээн захисан юм. 

Аав охин хоёрын хүслийн давхцал болсон “Цасхан” сүүн зайрмагийн мухлаг Хан-Уул дүүргийн “The one center”-ийн гадна байрлаж байна. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ. 

               

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу