Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хараа голын ус эргээ даван үерлэж, есөн өрхийн, есөн гэр усанд автжээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж, хоёр гэр усанд автсан тухай дуудлага долдугаар сарын 5-ны 06:42 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хоёр өрхийн хоёр гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан, нүүлгэн шилжүүлжээ.

Мөн өчигдрийн 06:40 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж, зургаан өрхийн зургаан гэр усанд автсан тухай дуудлагыг хүлээн авчээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход долоон өрхийн долоон гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, хоёр иргэнийг аюулгүй газарт авачсан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу