Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өвийн нэг нь Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал юм.

Улсын хамгаалалтад буй, Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг энэхүү цогцолбор дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хөвөрч буй.

Соёлын яамнаас энэ талаар тодруулбал, өнөөдрийн байдлаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, байгууламжийг тойруулан түр хашаа татаж, харуул хамгаалалтыг нь орон нутгийн удирдлагууд хариуцаж байгаа аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн археологийн малтлага, судалгаа шинжилгээний дүнд, Шивээт улааны хөшөөт цогцолбор нь эртний Түрэгийн тахилга тахилгын зориулалттай дөрвөлжин зохиомжтой чулуун хэрэмтэй хойд талын хэрмийн төв дунд дөрвөлжин суурин дээр найман тал гаргаж өрсөн суварга хэлбэрийн чулуун байгууламж болохыг бүрэн тогтоожээ.

Мөн түүний өмнө талд гүегээ дагуулсан арслан 2-ыг, сууж байгаа арслан 1-ийг, хүн чулуу 2, хүн чулууны толгой 1-ийг тус тус илрүүлж улсын хамгаалалтад аваад байгаа аж. Цаашид судалгаа, шинжилгээний ажил үргэлжлэх бөгөөд ил музей байдлаар ашиглахаар төлөвлөж буй юм байна.

Дээрх асуудал хоёр жилийн өмнө ч яригдаж байв. Тухайн үед Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу хууль бусаар гаргахгүй. Энэ бол худал ташаа мэдээлэл. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, он цагийг нь тогтоож байна. Цар тахлын улмаас судалгааны ажил бүрэн дуусаагүй, завсарлаад байна.

Харуул хамгаалалтыг нь орон нутгийн удирдлагууд хариуцаж буй. Гадна талаараа чулуун хэрэмтэй эртний түүх соёлын үл хөдлөх дурсгалын томоохон цогцолбор. Өмнө талд нь 10 орчим хүн чулуу болон амьтны дүрст хөшөө байрладаг.

Монголоос 2016 онд түүх соёлын дурсгалт нэг хөшөө хууль бусаар хилээр гаргасан байсныг буцаан авч ирсэн. Одоогийн байдлаар өөр хууль бусаар улсын хилээр гаргасан тохиолдол гараагүй. Түрэгийн үеийн хаант улсын үеийн тайлга тахилгын онгон байсан газар. Үүнтэй дүйцэхүйц том хэмжээний тайлга тахилгын онгон одоогоор Монголд олдоогүй байна. Тэгэхээр түүх соёлын маш том дурсгал” гэж мэдээлж байв.

Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Шивээт улаан хэмээх бяцхан толгой дээр, Хануй, Хүнүй голын бэлчир харалдаа хойд зүгт түүхийн энэхүү ховор дурсгалын цогцолбор байдаг ажээ. Түүнийг анх 1912 онд Финландын эрдэмтэн Густав Иохан Фон Рамстедт олж илрүүлэн дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэжээ. Г.И.Рамстедт дурсгалын ерөнхий дэвсгэр зураг, сэргээсэн байдлын болон хүн, амьтны чулуун хөшөөд, тамгатай гэрэлт хөшөөний талаар гэрэл зураг аван, зарим гар зургийг үйлджээ.

Түүхийн хуудас эргүүлбэл, Шивээт улааны дурсгалыг Түрэгийн хожуу үеийн (690-744 он) Елетрес Хутлуга хааны дурсгал гэж үздэг байна. Энэхүү цогцолбор дурсгалд галт уулын хар саарал өнгийн чулуугаар урласан хүн чулуу 9, арслан 4, хонь 4 хөшөө байдаг бөгөөд хүн чулууны хөшөөний толгой хугарч алга болжээ.

Хүн чулуун хөшөөг гурвалжин захтай хувцас өмсгөн дүрсэлсэн, зарим хөшөөний хоёр гарыг хавсруулж, эсвэл ихэвчлэн зүүн гараар аяга, сав барьж цээжинд байрлуулсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг gr. Бүс, хавтага, хутга, таяг зэрэг эд зүйлсийг чадмаг дүрсэлсэн бөгөөд зарим хөшөөний бүсийг нурууны хэсэгт хавчуулан урласан аж. Тус дурсгалын чулуун арслангийн гуян дээрх янгирын дүрс эртний Түрэгийн Ашина омогтны тамга гэж үздэг байна.

Шивээт улааны дурсгалыг 1927 онд буриад эрдэмтэн Балжи Бамбаев газар дээр нь үзэж тэмдэглэжээ. Түүнээс хойш 1976 онд Түүх, археологийн хүрээлэнгийн археологч эрдэмтэн Д.Цэвээндорж Шивээт улааны байгууламжийн дэвсгэр зургийг үйлдсэн байна. Мөн онд Монгол, Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн В.В.Волков, С.Н.Кореневский нар ч байгууламжийн дэвсгэр зургийн талаар судалгаа хийжээ.

1977 онд С.Г.Кляшторный, С.Харжаубай, 1996 онд В.Е.Войтов, 1997 онд Д.Баяр, В.Д.Кубарев, 2005 онд Б.Напил, 2007 ба 2015 онд З.Самашев, Л.Цэвээндорж, Д.Баяр, А.Энхтөр. А.Онгар, Г.Киясбек, А. Мирхат, Б.Напил, 2015 онд Д.Кыдырали, Г.Бабаяров нарын судлаачид тусгайлсан судалгаануудаа хийсэн байна.

Түүхч Э.Жигмэддорж Шивээт улааны хүн чулуун хөшөөдийн ерөнхий төрх байдал Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхант булшны ханын зураг дээрх хүмүүс болон шавар хүний намба, төрх байдалтай тун төстэй байдаг нь сонирхолтой юм гэж тэмдэглэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу