Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ долдугаар сарын 31-ний өдөр Увс аймагт ажиллажээ. Энэ үеэр Хяргас нуураас 5 км-ын зайд үүссэн хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж, устгалд оруулах үүрэг өгсөн аж.

Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг шуурхай шийдвэрлэснээр Хан Хөхийн Улсын тусгай хамгаалалттай хамгаалалтын захиргаа хогийн цэгийг нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна.

Сонирхуулахад, Хяргас нуур Увс аймагт байрладаг бөгөөд Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамардаг.

Хяргас нуурын ус үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгддөг. Нуурын усны тунгалагжих үе гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж, шар өнгөтэй болно.

Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч, ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу