НЭМЭЛТ: 16:55 ЦАГ

Шүүх хурал өндөрлөлөө. Шүүхээс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх ламхай нарын дөрөвд нь хилийн хориг тавьж, 18 нас хүрсэн нэг ламхайг 30 хоног хорихоор шийдвэрлэжээ.


Гандантэгчэнлин хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн билээ. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 19-нд прокуророос таван ламхайг яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн. 

Эдгээр ламхай нарыг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх хурал өнөөдөр (2023.08.08) Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

“Хүний эрхийн байгууллагууд сохор дүлий мэт, биднийг огт анхаараагүй”

Шүүх хурал эхлэхээс өмнө хохирогч ламхайн ээж мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ийм асуудал болох үед багш нарт нь, Гандантэгчэнлин хийдийг хариуцаж байгаа эрх бүхий хүмүүст нь мэдээлж байсан. Гэвч миний үгийг огт авч хэлцээгүй. 

Энэ хүүхдүүд нүдэн дээр хоорондоо ёс бус үйлдлүүд гаргадаг. Тухайн үед нь хүүхдүүдэд хэлж үзсэн. Аргаа бараад хүүхдээ гэрээсээ хичээлд нь явуулах гэж үзсэн ч хүү маань “Заавал энд байх ёстой. Тэгж байж лам болдог гэсэн. Гэрээсээ хичээлдээ явж болохгүй” гээд байсан юм. Тэрнээс хойш хүүдээ “тэг, ингэ” гэж хэлэхээ больсон. Алсаас хараад, хянаад л явдаг байсан. 

Тэнд үнэхээр хэцүү байдаг. Та нар орж үзсэн ч болоосой. Тэр хүүхдүүд нэгнээ маш их зоддог. Яс, үс, элэг, бөөрөн дээр нь дэвсдэг. 

“Лам болох яах вэ дээ, хэн ч болж болно. Өнөөдөр ингээд нэгнээ хохироогоод, хагас дутуу болгочих юм бол хичнээн сайхан лам болоод нэмэргүй. Битгий ингэ, тоглоом биш шүү” гэж би зөндөө хэлсэн. Ял эдэлж байгаа хүмүүс нэгнээ рекэтлэж байгаа юм шиг янз янзын байдал үүсгэдэг. Энэ үед нь уйлаад хэлж байсан. Гэтэл багш нар нь хүртэл тоогоогүй.

Тэр үед би хүүгээ хөдөө авч явах гэсэн боловч хүү маань багш нартаа итгээд, тэр газраас явж өгөхгүй байсан. Хүүд минь тэр багш нар “Мөнгөө цуглуулаад, Энэтхэг явж болно. Тэнд очихоор маш сайхан амраадаг” гэж худлаа хэлсэн байгаа юм. 

Хэргийг олон нийтэд дэлгэх болсны тухайд, хүү маань нэг өдөр над руу багш таныг дуудаад байна гээд ярихад нь яваад очсон. Гэтэл хажуу талд нь байдаг Б гэдэг хүүхэд болсон явдлыг хэлсэн юм.

Тэр хүү ярихдаа “Бид дөрөв өнөө шөнө хамт хоносон. Тэр зодсон гээд байгаа хүүхдүүд таны хүүхдийн хөнжил, гудас руу шээгээд, орноос нь аваад өөрийнхөө доор дэвсээд, хүчирхийлж эхэлсэн” гэж хэлсэн.

Би энэ тухай сонсоод багш нарт нь хэлсэн. Гэтэл “Дуугүй яв” гээд хөөгөөд, хүүхдийн маань хувцас хэрэглэлийг өрөөнөөс нь гаргаад чулуудчихсан. Аргаа бараад цагдаа, хэвлэл дуудсан юм.

Хүүхдийг маань ийм хүнд байдалд оруулсан ганданд би маш их гомдолтой байна. Гандангийн мэдээлж байгаагаас харахад, биднийг амьд явах утга учиргүй болтол өөрсдийгөө хамгаалж байна лээ. Хүн бүр над руу дайрч, доромжилж байна. 

Хүний эрхийг хамгаалдаг, хүүхдийн эрхийг дээдэлдэг тэр байгууллага нь байхгүй. Яагаад өнөөдөр биднийг ямар байна гээд хандахгүй, сохор, дүлий байгаа юм бэ. Маш их гайхаж байна. Над руу нэг ч удаа яриагүй, миний хүүхдэд нэг ч удаа анхаараагүй. 

Би хэндээ хандаж, хэнд итгэхээ мэдэхгүй байна. Гэхдээ миний хүүхдийг өмгөөлөх гэж байгаа М.Булгамаа өмгөөлөгчид маш их баярлаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хүний эрхийг хамгаалдаг, хүүхдийн эрхийг дээдэлдэг байгууллага энэ ээжид ч бас хүүхдээ ашиглаж гуйлга гуйлгадаг байсанд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу