Булган аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд ажилчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасаж буй талаар тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн оны аравдугаар сард шилжиж очсон Булган аймгийн Цагдаагийн газрын Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг олон нийтэд мэдээлсэн. (Түүнтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу)

Түүний эл мэдээллийн дагуу өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Цагдаагийн Ерөнхий газраас ажлын хэсэг гарч, Булган аймагт очиж ажиллахаар болсон юм. 

Ажлын хэсэг очиж, ажиллаад 20 хоног өнгөрч байхад одоог хүртэл сураг чимээгүй байгаа юм. Тиймээс бид энэ талаар цагдаагийн ахмад О.Цэлмэгтэй дахин холбогдож тодрууллаа. 

-Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан уу?

-Хүлээж л байна. Албан ёсны хариу гараагүй байна. Цагдаагийн ерөнхий газраас асуухад удахгүй танилцуулна гэсэн. Бид хүлээгээд л байгаа. Энэ сардаа багтаж хариу хэлнэ гэж ойлгосон.

-Таныг шилжих хүсэлт гаргасан гэсэн. Одоо та хаана байгаа вэ?

-Одоогоор Булган аймагтаа байна. Цагдаагийн Ерөнхий газраас шалгах ажлын хэсэг ирэх үеэр нь хот руу шилжих хүсэлтээ өгсөн. Хариу нь гараагүй болохоор Булгандаа ажлаа хийж л байна. 

-Ажлаас нь дарамт, шахалт үзүүлж байна уу?

-Үгүй. Одоохондоо ямар ч асуудалгүй байна. 

-Яагаад хот руу шилжихээр шийдсэн юм бэ?

-Хөдөө ажиллахаар жалга, довны үзэл гаргаад, хавчиж шахаад байхаар хэн энд ажиллахыг хүсэх вэ дээ. Хотод очвол олны хөлийн газар хов жив ярихгүй, өөр байна гэж бодож байна. Аргаа барсандаа л ингэж байгаа юм.

-Цалинг нь бүрэн буцааж өгсөн үү?

-Олгосон. Нэр бүхий алба хаагч нарын цалинг үндэслэлгүйгээр хассан гээд буцааж хийсэн. 

Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ажээ. Тиймээс бид дүгнэлт гарсны дараа бусад мэдээллийг тодруулан хүргэх болно. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу