НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3260, сургуулийн суудлын тоог 4760-аар нэмэгдүүлээд байна. Мөн Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа. Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байгаа юм.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 53 агуулахад 100 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах 650 борлуулалтын цэгийг сонгон шалгаруулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Сайжруулсан шахмал түлшний баруун болон зүүн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2500-2700 тонн түлш үйлдвэрлэдэг. Түлшийг барьцалдуулагч мидлингээс дээж авч, лабораторийн 24 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлагыг хангасан гэх дүн гарчээ.

Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай, техникийн зураг төсөл хийсэн 4875 өрхийг цахилгаанд холбох, сургуулийн барилгад газрын гүний дулааны насос суурилуулах, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат болон Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 2.1 км шугамыг шинэчлэх зэрэг хөрөнгийг улс, нийслэлийн 2024 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа НИТХ-д уламжиллаа.

НИТХ-ын төлөөлөгчид халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, орон сууцны хуучны барилгын дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхэд  анхаарах хэрэгтэйг сануулж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу