БНСУ-аас автобус оруулж ирсэн асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг холбоотой гэх мэдээллүүд хөвөрч эхэлсэн билээ. Үүнд тэрбээр дараах тайлбарыг өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “2008 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийгээгүй. Тиймээс энэ ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийхээр болсон. Улмаар парк шинэчлэл дээр хамтарч ажиллах компани, байгууллагууд манай өрөөнд нэг удаа хуралдсан. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажилласан нь л энэ.

Ж.Сүхбаатар сайд нийтийн тээврийг либералчлах чиглэл аваад ажилласан. Харамсалтай нь, энэ чиглэлийн ажлыг цааш үргэлжлүүлж чадаагүй юм билээ. Яагаад энэ ажил зогссон талаар надад мэдээлэл өгөөгүй. Тиймээс надад хэлэх тайлбар алга.

Харин парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвөөс авсан 320 тэрбум төгрөгөөрөө тендерээ зарлаад, энэ ажлаа эхлүүлсэн юм билээ.

Миний хувьд “Тэнүүн Огоо” ХХК-ийн А.Ганхуяг гэх хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, тээврийн холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ. Миний сүүлд авсан мэдээллээр, Дархан-Уул аймгаас гаралтай юм шиг байсан. Энэ хүнийг Дарханаас гарсан гишүүд маань дэмждэг гэх мэдээллийг би саяхан авсан. Нарийн учрыг мэдэхгүй.

Автобустай холбоотой тендер, зохион байгуулалтад би ямар нэгэн байдлаар нэг цэг ч тавьж оролцоогүй. Тийм боломж ч байхгүй. Миний хариуцдаг чиг үүрэг биш гэдгийг маш тодорхой хэлье.

Сүүлийн үед намайг зориудаар автобусны асуудалтай холбож бичиж байх шиг байна лээ. Тэр хүмүүст хэлэхэд, та нар яаж ч хичээгээд намайг холбох сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ажиллах нь битгий хэл санаархаж, бодож ч үзээгүй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу