Допингийн эсрэг үндэсний байгууллага болох МОНАДА-гийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “МОНАДА нэг гэр бүлийн эзэмшлийн төрийн бус байгууллага болчихсон. Анх байгуулсан таван хүн нь тухайн байгууллагыг хэн удирдаж, авч явах вэ гэдгийг шийддэг. Засгийн газар, олимпын хорооноос үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй. Бид энэ байгууллагын бүтэц, бүрэлдэхүүний мэдээллийг гаргаж авсан. Мөн АТГ-аас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. 

2022 оны гуравдугаар сард Дэлхийн допингийн байгууллагаас МОНАДА-д 21 шаардлагыг тавьсан юм билээ. Манай улсын тамирчид олимпод амжилт гаргаж байгаа учраас дэлхийн допингийн байгууллагаас авч хэрэгжүүлдэг дөрвөн шатлалын арга хэмжээний хоёрдугаар шатлалд орсон. Ингэж шат ахисан учир хяналтаа чангаруулж, шаардлага тавьсан. Харамсалтай нь, тэр 21 шаардлагыг нь манай улс бүрэн хангаагүй учраас олимпод цагаан тугтай орох эрсдэл үүссэн. 

Саяхан болсон Олон улсын допингийн эсрэг байгууллагын хурлаар дээрх шаардлагыг 2024 оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд биелүүлэх боломжийг манайд олгосон. Тиймээс цаашдаа энэ байгууллагын үйл ажиллагааг шилэн болгож, хамтарч ажиллахыг төрийн зүгээс шаардана. 

Нөгөө талаас Монголд допингийн асуудал авлигын шинж чанартай байна. Спортын тамирчин, дасгалжуулагч, баг холбоод хоорондоо допингоор өрсөлддөг болсон байна. Тиймээс үүнийг бүрэн таслан зогсооно. 

АТГ-аас хийсэн мэдээллээр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагч, Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудын үйл ажиллагаанд сэжиг бүхий асуудал илэрч байгааг мэдээлсэн. Үүнийг АТГ эцэслэнэ. 

Монголчууд наадмаар нэг сайхан шинэ аваргатай болж, 2-3 сар баярладаг. Нөгөө аварга нь эргээд допингтой холбогдож, нийгмээрээ бухимддаг. Ийм байдлыг таслан зогсоохын төлөө Засгийн газар шахаж ажиллана” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу