Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2023.10.06) хэвлэлийн бага хурал хийлээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хаяглан ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын хүрээнд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус албан шалгалтын  үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал,

  • 2023 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн Дорнод аймгийн БОАЖГ-тай хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Петрочайна дачин тамсаг ХХК-д хийсэн. Тус компанийн ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд нэг тэрбум 881, 2022 онд нэг тэрбум 484 мянга, 2023 оны гуравдугаар сарын байдлаар 286 сая төгрөгийг орон нутгийн санд төвлөрүүлсэн боловч ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зэрэг зөрчил илэрсэн. Уг зөрчилд зөрчлийн тухай хуулиар таван мянган нэгжтэй тэнцэх торгууль оногдуулсан. Зөрчлийн үр дагаврыг арилгуулахтай холбоотой улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврыг мөн хүргүүлжээ. 
  • Мөн тус аймагт тодорхой цэгт гаргасан худгийг  зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчил илэрсэн тул битүүмжилж лацадсан байна. Мөн 2023 оны гуравдугаар сарын байдлаар ус ашигласны төлбөрийг шинэ тарифаар төлөөгүй зөрчил илэрсэн тул төлбөрийн хэмжээг дахин тооцоолж улсын санд 307 сая төгрөгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
  • Тус компанийн ахуйн цэвэр усны байгууламжаас гарж байгаа бохир уснаас дээж авахад “стандарт хангаагүй” асуудал гарсан тул улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах даалгавар өгсөн. Мөн энэ зөрчилд 30 сая төгрөгөөр торгожээ. Энэхүү  торгуулийг барагдуулж, албан даалгаврын дагуу шинээр байгууламж барих үйл явц үргэлжилж байгаа ч хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн удаашралтай байгаа аж. 
  • Тус компанийн 2022онд хийсэн шалгалтаар 12 нэр төрлийн химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан зөрчил илэрч байсан. 2023 онд хийсэн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан боловч тусгай зөвшөөрлийн хүрээнд дурдсан химийн бодисоос өөр нэр төрлийн бодисыг ашигласан байж болзошгүй зөрчил илэрснийг нийслэлийн прокурорын газарт танилцуулан Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 

Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч, шийтгэлийг оногдуулсны дараа зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулахтай холбоотой арга хэмжээг ААН заавал авч хэрэгжүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд салбарын ерөнхий байцаагчийн таван албан даалгаврыг хүргүүлснээс гурван заалтыг тус компани бүрэн хэрэгжүүлсэн байна. Үлдсэн хоёр заалтын хувьд үүрэг даалгаврын биелэлт дутуу байгаа учир Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Химийн бодисын агуулах барих, Ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг асуудлыг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил байгаа аж. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаас үүдэн хугацаанд нь амжаагүй хэдий ч бүтээн байгуулалтын үйл явц үргэлжилж байгаа гэх хариуг тус компаниас өгчээ.

Уг зөрчлийн үр дагаврыг бүрэн гүйцэт арилгуулахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаа учир шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр болжээ. 2023 оны долоодугаар сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар  “эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан байна. 

БОАЖЯ-наас асуудлыг бүрэн арилгуулж, Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тал дээр бүх дүрэм журмын дагуу ажиллаж байна хэмээн мэдэгдлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу