Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.07) 


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг улсын хэмжээнд шүдний өвчлөл их байгаа тул хэд хэдэн арга хэмжээ авах талаар мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын нийт иргэдийн дунд эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, явуулсан. Энэ нэг жилийн хугацаанд нийт иргэдийн 26 орчим хувь нь буюу 860 мянган иргэн дээрх үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.

Үзлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчин илэрсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа. Ялангуяа 6-17 насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт.

Мөн 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байгаа бол нийт 1600 орчим жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийхэд 96 хувь нь шүдний цооролттой гарсан.

Иймд Засгийн газраас дээрх дүн мэдээллийг анхаарч ажиллах хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоог цаашид үргэлжлүүлэн явуулна.

Улсын хэмжээнд 1624 шүдний эмч ажиллаж байна. 10 мянган хүнд ноогдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр байгаа хэдий ч орон нутгийн иргэдэд анхан шатанд шүдний тусламж үзүүлэх үйлчилгээ орхигдсон гэж хэлж болно. Учир нь шүдний 860 эмнэлэг ажиллаж байгаагаас 127 нь төрийн өмчийн оролцоотой эмнэлэг байна. Үлдсэн нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн дээрх 553 эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Харин төрийн 127 эмнэлэгт хүн амын 30 орчим хувь үйлчилгээ авч байна. Эндээс нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн судалгаа гарсан.

Монгол Улсын 330 сумаас 30 сум л шүдний эмч, тоног төхөөрөмжтэй байна. 300 суманд шүдний эмч тоног төхөөрөмж байхгүй байна.

Тийм учраас сумын анхан шатны эмнэлгүүдийг боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

Мөн сумын болон өрхийн эмнэлгүүдийг түшиглээд 0-17 насны бүх хүүхдэд шүдний цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэнэ. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна. Цаашид хүүхдэд хамгаалалтын ломбо тавихад анхаарч ажиллана.

2024 оноос эхлэн “Шүд” төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр бэлтгэл хангах юм. Үүнд шаардагдах санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу