УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.12.12) хуралдаж байна. Хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Монгол Улсын нэр дээр өнөөдрийн байдлаар 26 улсын 281 хөлөг онгоц бүртгэлтэйгээр их далайд хөвж, 651 орчим далайчин гэрчилгээ авч ажиллаж буй ажээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан: Манай улсын нэр дээр явж байгаа хөлөг онгоцуудаас бид юуг нь хариуцдаг юм бэ. Хяналт тавьдаг уу. Ер нь далбаагаа ашиглуулаад, манай улсын карманд мөнгө ордог юм уу?

Далайн захиргааны газрын дарга Д.Отгонсүрэн: Хөлөг онгоцыг бүртгэх, бүртгэсэн хөлөг онгоцдоо хяналт тавихыг бид хариуцдаг. Манай улс олон улсын 31 конвенцид нэгдэж орсон. Энэ хүрээнд хэрэгжилтийг хангаад ажилладаг. Үүний тулд манай байгууллага 31 хүнтэйгээр ажиллаж байна.

2021 оны гуравдугаар сараас хойш хөлөг онгоцны бүртгэлийг бие даан хариуцаж хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд 1 сая орчим ам.долларын орлого олсон бол энэ онд 1.2 сая ам.доллар олоод байна. Нийт 250 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ирэх оны төсөвт 300 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. 

Энэ үеэр Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Манай далбааг ашиглаж байгаа онгоцуудыг шалгаж, хөдөлмөрийнх нь хуваарийг үзэхдээ тухайн орны мэргэжлийн хүмүүсийг ашиглаж байгаарай. Эндээс далайгаа мэдэхгүй хүмүүс очоод шалгаад байдаг. Тэр нь хэл усны хувьд ч, Далайн конвенцын хувьд ч, олон улсын хууль эрх зүйн хувьд ч тэр мэдлэг чадвар нь хүрэхгүй дэмий аялсан болоод ирэх вий. 

Дотоодын далайн тээврийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч, цаашдаа хуурай боомт явуулах чиглэлд анхаарч ажиллаарай” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу