Монголын чөлөөт бөхийн лигийн 2023-2024 оны улирлын шигшээ тэмцээн энэ (2024.01.22-25) өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Гурван сарын турш үргэлжилсэн тус тэмцээн тойргийн журмаар явагдаж, “U-17”, “U-22” насны ангилалд шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний U-17 насны ангиллын шилдэг тамирчнаар “Аваргууд академи”-ийн тамирчин Г.Хангайбаяр, U-22 насны шилдгээр өрсөлдөгчдөө техникийн оноо алдаагүй түрүүлсэн “Төв арж” клубын Э.Энхболд нар шалгарлаа.
Шагналыг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Болд, Монголын чөлөөт бөхийн лигийг санаачлагч Б.Эрдэнэбаатар болон МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нар тус тус гардуулсан юм.
Шилдгүүдэд МЧБХ-ноос тусгай бэлэг бэлдсэн нь Үндэсний шигшээ багийн тамирчдын шинэ улирлын шинэ загварын өмсгөлийн дээж байлаа. МЧБХ өнгөрсөн 2023 оноос эхлэн дэлхийн алдарт Найки брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд 2024-2025 оны улирлын “Nike wrestling” брэндийн шинэ өмсгөлүүдээ дөнгөж хүлээж аваад байгаа юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу