Их жанжин Дамдины Сүхбаатар нь Монголын ардын нам, Төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан юм. Олон түмнээ “гоймон баатар” хэмээн алдаршсан тэрээр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон 1893 оны 2 сарын 2-ны өдөр мэндэлжээ.

Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.

Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд “сахалт” хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д. Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.

Тухайлбал 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Д. Сүхбаатар Богд хаант Монгол улсын цэргийн албанд зүтгэж байхдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ.

Монгол Ардын Нам төрийг үндэслэн байгуулагчдын нэг, улсын баатар, цэргийн жанжин Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ. Энэ цаг үе их ээдрээтэй хүнд хэцүү цаг үе байлаа. Ардын хувьсгал ялаад дөнгөж ганц жилийн дараа 1922 онд Монгол улсын Ерөнхий сайд Д.Бодоо болон Чагдаржав, Да лам Пунцагдорж нарыг ямар ч үндэслэлгүй, ямар ч шүүхгүйгээр шууд буудан хороов. Дараа нь ардын засгийн сайд, ардын намын анхны дарга С.Данзанг ямар ч үндэслэлгүй буруутган цаазаар авав. Түүхчид Д.Сүхбаатарын нас барсан шалтгааныг хоёр янзаар тайлбарладаг. Нэг таамаглал нь Хүрээнд байрлаж байсан оросын улаан цэргүүд нийслэл Хүрээнд хүн алж хүрээ талж, хүчирхийлэл үйлдэж байсан тул Д. Сүхбаатар Монголд орж ирсэн оросын улаан цэргийн тоог 500 болтол нь цөөрүүлэх санал гаргасан нь оросын улаан комиссаруудын дургүйг хүргэж тэд Сүхбаатарт эм хэмээн хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг таамаг байдаг. Нөгөө таамаглал нь ханиад хүрч, хатгаа аваад хүндэрсний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч таамаг нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар дүрслэн гардаг. Тэрхүү социализмын нэг үзэл суртал ноёрхсон цаг үеийн кинонууд дээр Богд гэгээнтэн нэгэн ламаар дамжуулан Сүхбаатарт эм гээд хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг нь огт худал гүтгэлэг юм. Богд гэгээн Сүхбаатар хоёр эртнээс Хужир булангийн сургууль төгсч Богд хаант Монгол төрийн цэргийн бага дарга байх цагаас нь эхлэн найрсаг дотно харилцаатай байсан гэдэг. Д. Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө

„Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!“

хэмээн гэрээсэлжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу