Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний найман сургуулийн нэг юм. Орон нутгийн болон сургуулийн удирдлагууд “Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан” гэж ярьжээ.

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байгаа аж.

Тус сумын дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч буй бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байжээ. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг салбарын сайдад уламжилсан байна.

Тус сургууль нөхөн хангалтын зардлаараа 25 таблет шийдвэрлэсний 10-ыг нь EDUTEN платформыг хэрэгжүүлэхэд, 15-ыг PEARSON платформ дээр ашиглаж байгаа аж. Дотуур байрны сурагчид EDUTEN платформыг ашиглан суралцах илүү сонирхолтой байдаг талаар ярьжээ.

Баяннуур сумын цэцэрлэгт 130 хүүхэд бүртгэлтэй аж. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй юм байна. Энэ жилээс “Амьдралын мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Цэцэрлэгийн эрхлэгч “Ангиудад ухаалаг дэлгэц хэрэгтэй байна” хэмээн танилцуулсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу