ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Алексей Навальныйг Оросын шоронд хөнөөсөн” гэж бэлэвсэн эхнэр нь мэдэгдсэн талаар сэтгүүлчдэд тайлбар хийхдээ “Тийм зүйл болоогүй” хэмээн үгүйсгэсэн байна.

Песков өмнө нь “Москва Навальныйн үхлийн талаарх барууны улс төрчдийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэж мэдэгдсэн. Өдгөө шүүх эмнэлгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт, мэдээлэл хараахан гараагүй байгаа аж.

Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “НАТО-гийн орнуудын удирдагчид Навальный колонид нас барсан тухай дүгнэлтийг Оросын шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт гарахаас өмнө “зарласан”-аар өөрсдийгөө илчиллээ гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Навальныйн үхэлтэй холбоотойгоор өрнөдийн орнууд Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүйг тэмдэглэсэн байна.

Холбооны шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас мэдээлснээр, хоёрдугаар сарын 16-нд Навальный салхинд гарсны дараа бие нь тавгүйрхэж, ухаан алдан, нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ялтны цус өтгөрсний улмаас амиа алдсан байж болзошгүй бөгөөд холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Ямало-Ненецкийн автономит тойрогт Навальныйн үхлийн шалтгааныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Лабытнанг хотын эмнэлгээс мэдээлснээр, түргэн тусламжийнхан станцаас өвчтөний байгаа газар хүртэл есөн минут орчим явж, Навальныйг сэхээн амьдруулахын тулд хагас цаг гаруй тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

“Ив Роше”-гийн гэх хэргээр оногдуулсан тэнсэн харгалзах ялын дүрэм журмыг зөрчсөний улмаас 2021 онд Навальныйг шоронд хорьсон байна. Хэт даврагч бүлэглэл үүсгэн залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн (дайны ахмад дайчныг гүтгэсэн хэргээр шүүсэн шүүгчийг доромжилсон) зэрэг бусад эрүүгийн хэргээр хэд хэдэн удаа шүүх хурал болсны эцэст Навальныйг хорих ялын эцсийн хугацаа 19 жил болж, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийдвэр гарч байв.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу