АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ардчиллын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сөүлд хүрэлцэн ирээд байгаа энэ үед Хойд Солонгосын талаас өнөөдөр баллистик пуужингууд харвасан байна.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, өнөөдөр өглөөний 07:44 цагийн орчимд Хойд Хванхэ мужийн Санвон тойргоос ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасныг илрүүлснээ дурдаад, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ.

Тус хорооноос “Дахин пуужин харваж болзошгүй байгаатай холбогдуулан Солонгосын арми сонор сэрэмжээ нэмэгдүүлж, анхааралтай ажиглаж байна. Бид Хойд Солонгосын баллистик пуужин харвасантай холбоотой мэдээллийг АНУ, Японы эрх баригчидтай солилцохын зэрэгцээ бэлэн байдлыг бүрэн хангаж байна” гэж мэдээлсэн байна.

Японы Батлан хамгаалах яамнаас “Хойд Солонгосын хоёр баллистик пуужинг илрүүлсэн бөгөөд улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж мэдээлжээ.

Сөүл, Вашингтоны хамтарсан “Эрх чөлөөний бамбай” сургуулилт дууссанаас хэд хоногийн дараа Пёньян дээрх пуужингуудыг харвасан байна. Хойд Солонгосын тал уг сургуулилтыг улс орон руу нь довтлох бэлтгэл, түрэмгийллийн сургалт хэмээн зэмлэн буруушааж, удаан хугацааны турш эсэргүүцсээр ирсэн. Сөүл, Вашингтоны хувьд уг мэдэгдлийг няцааж, зөвхөн хамгаалалтын зорилготой гэж мэдэгддэг билээ.

Пёньян энэ сарын эхээр Сөүл, Вашингтон хоёр өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин их цэрэг оролцсон “Эрх чөлөөний бамбай” сургуулилт хийснийхээ төлөөсийг “өндөр үнээр төлнө” гэж анхааруулжээ. Өмнөд Солонгост өдгөө АНУ-ын 27 мянга орчим цэрэг байрлаж байгаа аж.

Пуужин харвасны дараахан Блинкен болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол нар энэ жил Өмнөд Солонгост зохион байгуулж буй Ардчиллын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ. Тэд ардчиллыг хөхиүлэн дэмжихэд технологийг хэрхэн ашиглаж болох талаар ярьцгаасан байна.

Эх сурвалж: REUTERS, YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу