Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжиж эхлээд даруй хоёр дахь онтойгоо золгож байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар биржээр 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийсний дүнд тухайн эрдэс баялгуудын үнэ өссөн.

Мөн экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ, төсвийн орлого нэмэгдэж, олборлолт болон экспортын төлөвлөгөөг биелүүлэхэд биржийн арилжаа маш чухал нөлөө үзүүлсэн билээ.

Зэсийн баяжмалыг биржээр арилжих тухай Засгийн газрын тогтоол энэ оны хоёрдугаар сард гарч, Монгол Улс 2024 оноос зэсийн баяжмалыг арилжиж эхлэхээр төлөвлөөд буй.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар зэсийн баяжмалыг “Эрдэнэт үйлдвэр” болон “Оюутолгой” компани экспортод гаргаж буй юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн баяжмал худалдан борлуулах гэрээнүүдийг урт хугацаагаар хийсэн тул эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт зэсийн баяжмалын 5-10 хувийг борлуулах боломжтой байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” хэлэлцүүлгийн үеэр “Зэсийн арилжаа хэн нэгэн даргын нөлөөгөөр, таньдаг хүн, компани болон хөндлөнгийн зуучлагчаас хамаарсан, эрх ашгийн зөрчилгүйгээр, нүүрснийхтэй адил ил тод, нээлттэй байж, ойлгомжтой зарчим үйлчилнэ.

Монгол Улсад орж ирэх зэсийн баяжмалын өгөөжийг нэмэгдүүлдэг тогтолцоонд шилжихийг зорьж байна. Өмнө нь 30 сая тонн байсан нүүрсний экпорт 70 сая тонн болж нэмэгдсэн” гэж дурдсан юм.

Зэсийн баяжмалын биржийн арилжаанд оролцох, худалдан авах талын сонирхол бий бөгөөд эрэлт их байгаа аж. Дээрх уулзалт, хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын, гадаад, дотоодын 200 төлөөлөл, мөн Европын холбооны улсууд болон БНХАУ-ын худалдан авагчдын төлөөлөл ирсэн байв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Жүнтяошань” группын дэд ерөнхийлөгч Рубин Бай хэлэхдээ, “Манай компани Хятадын хамгийн хойд талын бүсэд үйл ажиллагаа явуулдаг. 1956 онд байгуулагдсан, одоо зэс хайлуулах хоёр том үйлдвэртэй, мөн гүнийн далд уурхай ажиллуулдаг, хөрөнгийн биржид гарсан компани юм.

Монгол Улсын “Эрдэнэт” үйлдвэр болон “Оюутолгой” компанитай хамтран ажиллаад, 10 гаруй жил болж байна. Энэ удаа Монголд, зэсийн хэлэлцүүлэгт нэгдүгээрт, зэсийн баяжмалын дуудлага худалдаанд оролцох, хоёрт, байжуулах үйлдвэрийн талаар туршлагаа хуваалцаж, дэмжиж туслаж, зөвлөх байдлаар ирээд байна” гэв.

Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт экспортын гаралт 40 хувьд хүрсэн бол “Оюутолгой” компани энэ жилийн гэрээгээ мөн урт хугацаагаар хийсэн учир ирэх жилээс биржид оролцон борлуулж эхлэх ажээ.

Монголын Хөрөнгийн бирж ХК нүүрснээс гадна өнгөрсөн оны есдүгээр сараас төмрийн хүдрийн баяжмал арилжиж эхэлсэн. Өдгөө зэсийн баяжмал арилжихад технологийн болон дэд бүтцийн хувьд бэлэн бөгөөд Засгийн газрын шийдвэрийн дагуу бэлтгэл ажлаа хангаад явж буй юм байна.

Тус биржийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржийн арилжааны цахим системд 270 гаруй худалдан авагч бүртгэлтэй байгаагийн 90 гаруй хувийг БНХАУ-ынх, бусад худалдан авагч нар нь Казахстан, Хонгконг болон БНСУ-ынх байна. Зэсийн баяжмалыг арилжиж эхэлснээр дээрх худалдан авагчдын тоо нэмэгдэнэ” гэж хэлсэн юм. Үүнтэй холбоотой анхны саналыг Вьетнам улсын таваарын биржээс ирүүлж хамтран ажиллахаар болжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу