Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл-2024 оны I улирлын түүвэр судалгааны тайлангаас танилцуулж байна. Тус судалгааг 2024 оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 4-ний өдрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаач (цаашид шинжээч)-ын дунд явуулжээ.

Шинжээчид 2024 оны I улиралд инфляци бага зэрэг нэмэгдэж 8.5 хувь, эдийн засгийн өсөлт 6.8 хувь, бодлогын хүү өнөөгийн түвшинд 12.9 хувь, зээлийн хүү өнөөгийн түвшинд 16.7 хувь байна гэж таамагласан байна.

Тэд энэ оны дөрөвдүгээр улиралд инфляц нэмэгдэж, 9.3 хувь, эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч 6.4 хувь, бодлогын хүү бага зэрэг буурч 12.2 хувь, зээлийн хүү бага зэрэг буурч, 16.5 хувь болно гэж таамаглажээ.

ИНФЛЯЦ. 2023 оны жилийн эцэст Улаанбаатар хотын жилийн инфляц 8.1 хувь болж буурсан нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.7 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2024 оны I улиралд инфляц 8.5 хувь, жилийн дараа 9.3 хувь болно гэж таамаглажээ (Зураг 1).

Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны I улиралд инфляц 8.0-8.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.4 хувьтай байгаа аж. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны I улиралд инфляц 9.0-9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.7% гэж таамаглаж байжээ (Зураг 2).

Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурсан хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлагатай байгаа аж. Шинжээчид 2024 оны I улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 9.7% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 8.5 хувь байна гэж таамаглажээ (Зураг 3).

Инфляцын таамаглалыг тоон хариултын дунджаас гадна тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 8.5-8.9 хувь орчимд байна гэж төсөөлсөн байна (Зураг 4).

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ.  2023 оны IV улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.0 хувь гарсан нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 0.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны I улиралд 6.8 хувь, 2024 оны эцэст 6.4 хувь байна гэж таамаглаж буй аж (Зураг 5).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл, 2024 оны I улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 28.8 хувь байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны I улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 20.7 хувь гэж таамаглаж байжээ (Зураг 6).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Шинжээчид 2024 оны I улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.0 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.8 хувь байна гэж таамаглажээ (Зураг 7).

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 6.5-7.0 хувь орчимд байна гэж төсөөлсөн байна (Зураг 8).

БОДЛОГЫН ХҮҮ: Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2024 оны I улиралд дунджаар 12.9%, хамгийн ихдээ 13.0%, хамгийн багадаа 12.0% гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2024 оны IV улиралд 12.2% байна гэж таамаглажээ (Зураг 9).

2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13 хувь хүргэснээс хойш өөрчлөөгүй байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн улирлын судалгаагаар шинжээчдийн таамаглал бага зэрэг буурах хандлага ажиглагджээ.

Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны I улирлын бодлогын хүүг 12.7 хувь байна таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 12.9 хувь байна гэж үзжээ (Зураг 10).

ЗЭЭЛИЙН ХҮҮ. Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны I улиралд дунджаар 16.7 хувь, хамгийн ихдээ 17.2 хувь, хамгийн багадаа 16.0 хувьтай, цаашид зээлийн хүү бага зэрэг буурч, 2024 оны IV улиралд 16.5 хувь орчим байхаар таамагласан байна (Зураг 12).

Зээлийн хүүний таамаглалын тархалтаас харвал 2024 оны I улиралд зээлийн жигнэсэн дундаж хүүг 16.6-17.0% байна гэсэн таамаглал давамгайлж байгаа аж. (Зураг 13).

Тухайлбал, өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны I улиралд зээлийн хүүг 16.8%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 16.7% гарна гэж төсөөлсөн байна (Зураг 14).

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу