Спортын төв ордны А зааланд яг одоо Мастеруудын дэлхийн аварга, Бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Мөнхбаярын Цанлигийн нэрэмжит сонгомол бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 67 кг, 77 кг, 87 кг, 97 кг, 130 кг жинд аваргуудаа тодруулах ажээ. Алтан медалийн эзэд дөрөвдүгээр сард Киргизстанд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Найман жилийн тэртээ Болгар Улсын Пловдив хотод сонгомол, эрэгтэй чөлөөт бөхийн Мастеруудын 19 дэх удаагийн ДАШТ-д 41 орны 600 гаруй ахмад бөх хүч үзжээ. Тус тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны В ангиллын 130 кг-д спортын мастер М.Цанлиг аваргалсан байна.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Финландын Хейки Жанне Харакангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын Иван Матековичийг 5:0 онооны харьцаагаар тус тус хожиж байжээ.

Улмаар Энэтхэгийн Харандер Сингх, Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялж, сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирсан түүхтэй аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу