Монгол Улс дэлхийн улсуудын өмнө хүлэмжийн хийг бууруулна гэж амлан, 2015 оны “Парисын хэлэлцээр”-т нэгдэн орж, үндэсний хэмжээнд хувь нэмрээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2015 оны байдлаар 2030 он хүртэл 74 сая тн хүлэмжийн хий үйлдвэрлэх байсан бол арга хэмжээ авснаар 2030 онд 57 сая тн хүлэмжийн хий үйлдвэрлэе гэсэн амлалт авсан гэсэн үг.

Монголд хүлэмжийн хий үйлдвэрлэгч гол салбар бол эрчим хүчний салбар (66.7 хувь) юм. Тэр дундаа эрчим хүчний үйлдвэрлэл (49.4 хувь), барилга (4.9 хувь), үйлдвэр (6.2 хувь), тээвэр (6.2 хувь) гэсэн салбарууд дээр хүлэмжийн хийн ялгарал илүү байгаа ажээ. Хүлэмжийн хий үйлдвэрлэгч дараагийн гол салбар эрчим хүчний бус салбар (33.3 хувь), үүн дотор хөдөө аж ахуйн салбар (31.3 хувь), аж үйлдвэр (1.4 хувь), хог хаягдал (0.6 хувь) багтаж байна.

Эрчим хүчний одоогийн нөхцөл байдал

Монгол Улс дотооддоо нийт цахилгаан эрчим хүчнийхээ 80 орчим хувийг үйлдвэрлэдэг. Үлдсэн 20 орчим хувийг хөрш орнуудаас импортлон авч буй. Үүний 58 хувийг “Оюу Толгой” компани БНХАУ-аас импортолж авч байна. Үлдсэн 30 гаруй хувийг ОХУ-аас баруун болон төвийн бүс дээрээ авч, бусдыг нь дотооддоо үйлдвэрлэж байгаа нөхцөл байдалтай байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерэн-Өлзий Азийн хөгжлийн банкнаас “Эрчим хүчний шилжилт” сэдвээр зохион байгуулсан, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр мэдээлсэн юм.

Сэргээгдэх эрчим хүчний тухайд

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг.

Жишээ нь, усны урсгалыг ашиглаад, түрэлтээр нь генератор эргүүлж, цахилгаан үйлдвэрлэж байна. Мөн салхины түрэлтийг ашиглан, салхин сэнс ажиллуулаад цахилгаан үйлдвэрлэж байна. Гурав дахь нь, нарнаас ирж буй радиацийг цахилгаан гүйдэл болгож хувиргах замаар цахилгаан үйлдвэрлэж байна.

Мөн нарны илчийг цуглуулах замаар дулаан үйлдвэрлэж байгаа юм. Мөн газрын гүнд байгаа дулааны нөөцийг авч ашиглаж байгаа нь сэргээгдэх эрчим хүчинд тооцогддог. Үүнээс гадна далайн түрлэгийн гэх мэт маш олон байдаг аж.

Монгол Улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг дамжуулах сүлжээнд худалдан авах тарифыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоосон. Тэр үед Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчдын итгэл сайнгүй байсан.

Сэргээгдэх эрчим хүчийг ам.доллароор худалдаж авахаар хуульчлагдсан байна. Тодруулбал, 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар хүртэл, 5000 кВт хүртэл хүчин чадалтай УЦС-ын үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар, 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 хүртэл ам.доллароор худалдаж авахаар тусгажээ.

2015 онд дэмжих тарифыг хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт нэмж тооцох зохицуулалт хийж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн.

2019 онд нар, салхины эх үүсвэр сүлжээнд холбогдоход дэмжих тарифын дээд хязгаарыг тогтоож, хямд үнээр өрсөлдөх аукционы систем нэвтрүүлсэн байна. Энэ хүрээнд хэрэглэгчийн бага оврын эх үүсвэрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүч худалдан авах журам тогтоожээ.

Тодруулбал, 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар хүртэл 5000 кВт хүртэл хүчин чадалтай УЦС-ын үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл гэж тогтжээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна”,

“Эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжүүлж, эрчим хүч экспортлогч болсон байна”,

“Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх, гадагш урсгалтай гол, мөрний урсцын 10 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад хэрэгцээнд ашиглана” зэрэг зорилт, арга хэмжээнүүдийг дэвшүүлсэн билээ.

2021 онд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-той дүйцэх хэмжээгээр бууруулах, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилт тавьсан юм.

Монгол Улсад буй сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд

“Эрчим хүчний төсөл”-2 болон “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 50 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орох юм.

    • Ховдын Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) 2022 онд ашиглалтад орсон.
    • Говь-Алтай, Есөн-булагт 10 МВт НЦС техникийн комисс ажиллажээ.
    • Хөвсгөл, Мөрөнд 10 МВт НЦС барилга угсралтын ажил нь 65 хувьтай буй.
    • Говь-Алтай, Алтай суманд 300 кВт-ын НЦС 2022 онд ашиглалтад оржээ.
    • Завхан, Улиастай 5 МВт НЦС 2022 онд ашиглалтад орсон байна.
    • Баруун аймагт 15 МВт НЦС ТЭЗҮ-ийн үр дүнгээс гарсан зөвлөмжийн дагуу салхин цахилгаан станцыг нарны цахилгаан станц болгон өөрчлөхөөр болжээ.

Төслүүд хэрэгжсэнээр дамжуулах, түгээх сүлжээний алдагдал болон импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэмжээг 50 МВт-аар бууруулна гэж тооцоод буй. Мөн нүүрстөрөгч ялгаруулалтгүй ногоон эрчим хүчээр хангагдана гэж тооцжээ.

2028 онд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэх аж.

Эрдэнэбүрэн, Эг, Байдрагийн голын усан цахилгаан станцууд…

ЭХЯ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС болон цахилгаан дамжуулах шугам, Эгийн голын УЦС, цэнэг хуримтлуулах станц зэрэг төлөвлөж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт, салбарын үнэ тарифыг индексжүүлж, бие даасан тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилт тавьсан.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд өнгөрсөн 2023 онд төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Энэ 2024 онд барилга угсралтын ажлыг 6 хувьд, 2025 онд 24 хувьд, 2026 онд 48 хувьд, 2027 онд 74 хувьд хүргэж, 2028 онд 100 хувь гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ашиглалтад орсноор жилд 329.000 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой аж.

Эгийн голын УЦС-ын хувьд 2024 онд холбогдох судалгааны ажил хийж, ОХУ-тай харилцан ойлголцолд хүрэх, 2025 онд Дэлхийн өвийн хорооноос холбогдох шийдвэр гаргуулж, ТЭЗҮ-ийг шинэчлэх, 2026 онд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, EPC нөхцөлтэй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,  2027 онд Барилга угсралтын ажил 10 хувьд, 2028 онд 27 хувьд, 2029 онд 50 хувьд хүргэх төлөвлөгөөтэй. Тус станц ашиглалтад орсноор жилд 454,500 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцож буй юм.

Байдрагийн УЦС-ын тухайд, 2024 онд БОННҮ хийх, Улсын тусгай хэрэгцээнд авах, санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх, 2025 онд EPC нөхцөлтэй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, 2026 онд барилга угсралтын ажлыг 15 хувьд, 2027 онд 55 хувьд, 2028 онд 100 хувуд хүргэх зорилготой. Энэхүү станц ашиглалтад орсноор жилд 44.175 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцоолсон билээ.

Мэргэжилтнүүд хэлэхдээ, эдгээр төслүүдийг урагшлуулахын тулд монголчууд ухаалаг байж, хоёр хөрштэйгөө ойлголцож, харилцан ашигтай хамтран ажиллах шаардлага тулгарч буйг онцолсон юм.

БАТАРЕЙН ХУРИМТЛУУРТ ЗЭРЭГ ЭХ ҮҮСВЭРҮҮД ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчний тухайд зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад анхаарч байна аж. Сүлжээний уян хатан байдлыг хангахын тулд: УЦС, Ус хуримтлуулах цахилгаан станц (УХУЦС), Хийн цахилгаан станц, Батарейн хуримтлуурт эх үүсвэрүүдийг хөгжүүлэх нь чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт, Ерөө голын хөндийд Ерөө сумын төвөөс доош гол уруудан, 11 км зайд байрлана. Доод усан санг Ерөө голын татамд, дээд усан сан Ерөө голын зүүн талын Жаргалант уулын тэгш өндөрлөгт УХУЦС байгуулахаар сонгожээ.

Энэ хүрээнд 2024 онд БОННҮ хийх, Улсын тусгай хэрэгцээнд авах, 2025 онд EPC нөхцөлтэй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын ажлыг 20 хувьд, 2026 онд 65 хувьд, 2027 онд 100 хувь дтус тус хүргэхээр зорьж байгаа аж. Энэхүү станц ашиглалтад орсноор жилд 219,000 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм байна.

Монгол орны хувьд жилийн 270-300 өдөр цэлмэг байх ба нарны цацраг дунджаар 2250-3300 цаг байдаг аж. Салхины эрчим хүчний нөөц сайтай газар нэг км2 талбайгаас дор хаяж 7 мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна.

Салхин цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын хувьд жилд 1,100,000 МВт, 2.5 их наяд киловатт цаг (КВт/цаг) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ.

Дэлхийн банкны Санхүүгийн корпорацын техникийн туслалцааны хүрээнд салхины эх үүсвэр барьж байгуулах байршил тогтоохоор хамтран ажиллаж, Чойр, Мандалговь, Цогтцэций, Баруун-Урт зэрэг дөрвөн байршилд салхины талбайд урьдчилсан үнэлгээ хийж дуусгасан ба дараагийн шатны ажлуудыг хийж гүйцэтгэхээр хамтран ажиллаж буй юм байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөхүүд өөрсдийн судалгааны үндсэн дээр 20 МВт хүртэлх хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих боломжит гурван байршил буюу Дархан-Уул аймаг, Дархан; Дундговь аймаг, Мандалговь; Говьсүмбэр аймаг, Чойр хотуудыг санал болгожээ.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт /GGGI/-тэй хамтран Мандалговь, Арвайхээр аймгийн төв орчимд салхины хэмжилтийн станцыг 2023 оны арваннэгдүгээр дүгээр сард байрлуулсан ба хэмжилтийн ажил үргэлжилж буй юм байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу