“Рио Тинто” групп өдгөө тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Болдыг Арилжаа, бизнес хөгжил хариуцсан захирлаараа томилсон байна.  Тэрбээр 2024 оны есдүгээр сарын 1-нээс Сингапур улс руу шилжиж, “Рио Тинто” компанийн Арилжааны ерөнхий захирлын албан тушаалыг хашиж эхлэх ажээ. Тус компани Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллах дараагийн залгамжлагчийг цаг тухайд нь зарлахаа мэдээлсэн байна.

“Рио Тинто”-гийн одооны Арилжаа, бизнес хөгжил хариуцсан захирал Альф Барриос наймдугаар сарын сүүл хүртэл тус компанийн Худалдааны ерөнхий захирлаар, дараа нь Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан даргаар тус тус ажиллах бөгөөд 2024 оны эцсээр тэтгэвэрт гарах хүртлээ Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллах ажээ.

Б.Болд шинэ албан тушаалдаа орсноор “Рио Тинто”-гийн борлуулалт, маркетинг, худалдан авалт, далай тэнгис, ложистикийн үйл ажиллагааг хариуцдаг арилжааны байгууллагыг удирдах юм байна. Тэрбээр мөн Группийн бизнесийг хөгжүүлэх манлайллыг авч, Гвиней улсын Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ “Симандоу” төсөл дээр “Рио Тинто”-гийн хамтарсан түншүүдтэй харилцах харилцааг үргэлжлүүлэн удирдах юм байна.

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм “Болд компанийн арилжааны болон бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ирээдүйд илүү хүчирхэг “Рио Тинто”-г бий болгох, сахилга баттай өсөх стратегийг хэрэгжүүлэхэд туслахад маш тохиромжтой.

Тэрбээр газар зүйн байршил, түүхий эдийн салбарт гүн гүнзгий туршлага хуримтлуулсан. Зах зээл, мөн дэлхийн түвшний харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бизнесийн хөгжлийн мэдлэгийг хослуулсан нэгэн. Түүний манлайлал нь үнэ цэн, өсөлт бий болгохыг харахыг би тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр 10 жил ажилласан Альфт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Альф “Рио Тинто”-гийн бизнесийн хэд хэдэн чиглэлийг стратегийн хувьд өөрчлөн, манай Хөнгөн цагааны бизнесийг долоон жил удирдаж, Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан дарга, худалдааны чиглэлээр гурван жил гаруй хугацаанд ажиллахад аюулгүй байдал, үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлд мэдэгдэхүйц ахиц гарсан” гэжээ.

Б.Болд “Рио Тинто” цэвэр тэг түвшинд хүрэхийн тулд шаардлагатай инноваци, өсөлтөөр дамжуулан хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид, түншүүддээ үнэ цэнийг хүргэх асар их боломж байгаа энэ үед би шинэ үүрэгт ажлаа хүлээж авсандаа баяртай байна. Бид хамтдаа үнэ цэн бий болгох шинэ, илүү сайн арга замыг олж чадна” гэж хэлжээ.

Альф Барриос “Рио Тинто”-д арав гаруй жил ийм халамжтай, авьяаслаг, тууштай хамт олонтой хамтран ажиллаж, аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулах, үнэ цэнийг хамтдаа бүтээхийн тулд гаднын оролцогч талуудтай хамтран ажилласан минь туйлын завшаантай хэрэг байлаа” гэж хэлжээ.

Б.Болд “Рио Тинто”-д 2013 онд ажилд орсон бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сараас хойш Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж буй ажээ. “Рио Тинто”-д ажиллах хугацаандаа тэрбээр бүтээгдэхүүний бүлэг болон арилжааны багуудад олон удирдах албан тушаал хашиж байсан. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард Зэсийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон, түүнээс өмнө “Energy & Minerals” бүтээгдэхүүний бүлгийг удирдаж байв.

Альф 2021 онд Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан Арилжааны захирал, ТУЗ-ийн даргаар томилогдож байжээ. Тэрбээр 2014 онд “Рио Тинто” компанид Хөнгөн цагааны Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд нөөцийн салбарт үйл ажиллагаа, маркетинг, худалдаа, бизнесийн хөгжлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж.

Эх сурвалж: RIO TINTO, NASDAQ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу