Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрч буй.

НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо болон бусад Хүний эрхийн гэрээний хороодоос Монгол Улсад Эрүүдэн шүүхийн эсрэг Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан механизмыг байгуулж ажиллуулах талаар удаа дараа зөвлөмж өгсөөр ирсэн билээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ” гэж заасан.

Энэ дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг боловсруулан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан.

Тайланг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сараас 2024 оны дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн хяналт шинжилгээ, судалгаа дүгнэлтэд үндэслэжээ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хууль эрх зүйн орчны шинэтгэл”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажил”, “Иргэн, албан тушаалтнаас ирүүлсэн эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг холбогдох нэгж, албан тушаалтанд хүргүүлсэн талаар” гэсэн 5 бүлэгтэйгээр, дүгнэлт, саналын хамт боловсруулсан байна

Тайлангаас цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг онцолъё.

2023 онд ЭХ-ийн тусгай ангид заасан 13.9 (Хууль бусаар баривчлах), 14.1 (Ялгаварлан гадуурхах), 21.12 (Эрүү шүүлт тулгах) гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 87 гомдол мэдээллийн 64 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 3 гомдол, мэдээлэлд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Нийт 87 гомдол мэдээллийн ЭХ-ийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйл (Хууль бусаар баривчлах, саатуулах) гэмт хэрэгт 5 цагдаагийн алба хаагчид холбогдох 5 гомдол мэдээлэл шалгагдсанаас 5 цагдаагийн алба хаагчдад холбогдох 4 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 1 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

Мөн ЭХ-ийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл (Эрүү шүүлт тулгах) гэмт хэрэгт 16 цагдаагийн алба хаагч, бусад 2 төрийн алба хаагчид холбогдох 82 гомдол мэдээлэл шалгагдсанаас 15 цагдаагийн алба хаагчид холбогдох 64 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Нийт 15 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2 алба хаагчид холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн, 1 алба хаагчид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм байна.

ЭХ-ийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйл (Ялгаварлан гадуурхах) гэмт хэрэгт албан хаагчтай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй ажээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 3 дугаар албаны даргын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 06/2846 дугаартай албан бичигт “…Иргэнээс гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах өрөөний камерын бичлэгийг гаргуулан авахаар очих үед тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг байрлах 2 дугаар давхрын зүүн хэсэгт байрлах 1 ширхэг камерын чиглэлийг зориуд өөрчилсөн.

Эрүүгийн мөрдөгч нар суух өрөөнд дүрс бичлэгийн камер байршуулаагүй. Хэлтсийн дотоод орчныг хянах хяналтын камерууд бүрэн ажиллагаагүй байсан.

Дүүргийн цагдаагийн хэлтсийн байрны Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нарын байрлах хэсэг болон албаны үйл ажиллагаа явуулах албан өрөөнд дүрс бичлэгийн камер суурилуулаагүй байсан. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Халдашгүй чөлөөтэй байх” эрхийг зөрчсөн.

Гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж буй этгээдэд эрүү шүүлт тулгах, түүний бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох үйлдлийг хийх орчныг бүрдүүлсэн. Камергүй учир эрүү шүүлт тулгах, бие махбодид хүч хэрэглэх үйлдэл нотлогдохгүй гэх сэтгэлгээг мөрдөгч нарт бий болгосон гэж үзэх нөхцөл байдал илэрсэн” гэж тус тус дурджээ.

Тайлант хугацаанд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа Багануур дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байр, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байр, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, нийт 13 байршилд хяналт шинжилгээ хийжээ.

Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, түр саатуулах байрны өнөөгийн нөхцөл байдал ЦЕГ-ын харъяа Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Эрүүлжүүлэх, саатуулах төв, байрны үйл ажиллагааг холбогдох хууль, журмаар зохицуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын хяналтад авч, албадан эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсын цагдаагийн байгууллагууд 1984-2020 онд ашиглалтад орсон, 3-45 өрөөтэй (Эрүүлжүүлэх байр 1-12 өрөө, Саатуулах байр 1-5 өрөө, Баривчлах шийтгэл эдлүүлэх 2-9 өрөө) байруудад үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Нийслэлд 7, орон нутагт 28 цагдаагийн байгууллага байгаагаас Сум дундын Цагдаагийн хэлтэс 7, 35 эрүүлжүүлэх, саатуулах байр байдаг байна. Цагдаагийн газар, хэлтсийн байранд 16, байрны 1 дүгээр давхарт байрладаг 9, барилгын доод давхарт хонгилд байрлалтай 7, тусдаа байр (өргөтгөл)-тай 19 байгууллага бий аж.

Хяналт шинжилгээгээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн С/18 дугаар тушаалаар баталсан “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, Ерөнхий шаардлага (MNS 5527:2019)”-д заасан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үндэслэлээр албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүст үйлчлэх эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага,

үйлчлүүлэгчид үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тавих шаардлагыг хангаагүй Цагдаагийн газар, хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрууд байжээ. Тухайлбал:

  • Архангай, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Увс аймгийн Цагдаагийн газар эмчийн үзлэгийн өрөөгүй;
  • Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Увс аймгийн Цагдаагийн газар иргэдийн эд зүйлсийг хадгалах өрөөгүй;
  • Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Увс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид зориулсан бие засах газаргүй;
  • Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар эрэгтэй хүний бие засах өрөөгүй;
  • Нийслэлийн Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Архангай, БаянӨлгий, Баянхонгор, Булган, ГовьАлтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сүхбаатар, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Увс, Ховд, Хэнтий аймгийн Цагдаагийн газар эмэгтэй хүний бие засах өрөөгүй;
  • Нийслэлийн Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүрэг, Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дорноговь, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дундговь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Орхон, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар сургалтын өрөөгүй;
  • Нийслэлийн Багахангай дүүрэг, Налайх дүүрэг, Архангай Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дорноговь, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газар гал тогооны өрөөгүй;
  • Нийслэлийн Налайх дүүрэг, Булган, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн ЗамынҮүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Ховд, Хэнтий аймгийн Цагдаагийн газар усанд орох өрөөгүй;
  • Нийслэлийн Налайх дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Ховд, Хэнтий аймгийн Цагдаагийн газар агааржуулалтын системгүй;
  • Баян-Өлгий, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймаг болон тус аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Ховд аймгийн Цагдаагийн газар агаар цэвэршүүлэгчгүй;
  • Архангай, Дорноговь, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс үнэт эдлэл, бичиг баримт хадгалах шүүгээгүй;
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс цагаан хэрэглэл хадгалах шүүгээгүй;
  • Орхон, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс хувцас хадгалах шүүгээгүй;
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс хүний согтолтын зэрэг шалгах төхөөрөмжгүй;
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс теле хяналтын камергүй;
  • Нийслэлийн Эрүүлжүүлэх саатуулах төв, Ховд, Хэнтий аймгийн Цагдаагийн газар цэвэр, бохир усны төвийн нэгдсэн холболтгүй байжээ.

Цагдаагийн байгууллагын Эрүүлжүүлэх байранд Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, холбогдох журмын дагуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх, зөрчил үйлдсэн холбогдогчийн согтуурсан, мансуурсан байдлыг тогтоох зорилгоор 24 цаг хүртэлх хугацаагаар 2023 онд 33.490 хүнийг хүлээн авч, түр саатуулан албадан эрүүлжүүлжээ.

ЭХХШтХ-д заасан үндэслэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 48 цагийн хугацаагаар орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн саатуулах байранд 7660 иргэнийг саатуулж, шүүхээс оноосон баривчлах шийтгэлийг 8225 хүнд эдлүүлсэн байна.

ШШГтХ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Баривчлах шийдвэр оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг энэ зүйлд заасан хугацааны дотор үе шаттайгаар шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлнэ” гэж заасны дагуу Булган, Дорнод, Дундговь, Увс аймагт баривчлах чиг үүргийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ШШГ байгууллагад шилжүүлсэн байна.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх (ЭШУС) асуудал эрхэлсэн гишүүн хяналт шалгалттай холбоотой зөвлөмждөө “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хяналт шинжилгээгээр тогтоогдсон зөрчлийг арилгах, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн С/18 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага (MNS 5527:2019)”-д заасан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үндэслэлээр албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүст үйлчлэх эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлчлүүлэгчид үзүүлэх эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлагыг хангах,

ЦЕГ-ын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар батлагдсан “Албадан эрүүлжүүлэх” журам (код 629)-ын хэрэгжилтийг хангуулахаар ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний Зөвлөмжийг 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 08/13 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Атарбаярт хүргүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхмандахын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44/2-1984 дугаартай албан бичгээр биелэлтийг тооцсон тухай хариу ирүүлсэн байна.

Монгол Улсын ХЭҮК-ын ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 08/01 дугаартай албан бичгээр “…Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 13.9 (Хууль бусаар баривчлах), 14.1 (Ялгаварлан гадуурхах), 21.12 (Эрүү шүүлт тулгах) гэмт хэргүүдэд цагдаагийн алба хаагч холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023 онд цагдаагийн байгууллагын хэмжээнд төлөвлөн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах” зөвлөмжийг хүргүүлсэн боловч энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн 2 алба хаагч шүүхээр шийтгүүлж, 1 алба хаагчид холбогдуулан, эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Алба хаагчдад эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, энэхүү гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээг тогтмолжуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний Зөвлөмжийг 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 08/06 дугаартай албан бичгээр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболдод хүргүүлсэн” гэжээ.

Хяналт шинжилгээгээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зарчим, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн эрхийг эдлүүлэх, Цагдаагийн байгууллагын Эрүүлжүүлэх байр, түүний ажилтны эрх, үүрэг, эрүүлжүүлэх байрны нөхцөл, журмыг хангаагүй зөрчлүүд тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга, байгууламж, хүний нөөцийн орон тоог нөхөх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, эрх бүхий албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг тайланд тэмдэглэсэн байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, эрх зүйт төрийг бэхжүүлэх, нийгмийн найрсал бүрдүүлэх, сайн засаглалыг тогтооход чөлөөт нийгмийн үндэс суурь болсон иргэдийн эрүү шүүлт болон хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхийг баталгаажуулах, түүнийг хангах, хамгаалах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь туйлын чухал болохыг дурджээ.

Хүний эрх бол таныг орон зай, аливаа хязгаарлалтаас үл хамааран хүний зэрэгтэй, нэр төртэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байх ёстой. Уг эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх энэ үүргийг төрөөс хангах тогтолцоог бүрдүүлэх, түүнд хяналт тавьж ажиллах механизмыг байгуулж, хууль зүй, эдийн засгийн баталгаагаар хангаж ажиллуулах шаардлагатайг тайланд онцолсон байна.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нэгдэн орсон улс бүр тус протокол хүчин төгөлдөр болсноос, түүнийг соёрхон баталснаас, эсхүл түүнд нэгдэж орсноос хойш нэг жилийн дотор үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах, томилох ёстой.

Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага, түүний ажилтан чиг үүргийнхээ хувьд хууль зүй, эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байх нөхцөлөөр бүрэн хангагдсан байхаар заажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу