Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг чөлөөлж, түүний оронд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайханыг томилсон байна.

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр зарим хэсгийн урсгалыг өөрчилж, зохицуулалт хийсэн. Энэ нь нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, иргэдийг бухимдахад хүргэсэн.

Тухайн үед Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1-т заасан эрх, үүргийн хүрээнд л хийсэн ажил.

Тухайн хөдөлгөөнийг зохицуулах явцад тодорхой өөрчлөлт ажиглагдсан бөгөөд цагийн хугацаатай зохицуулалт хийж эргээд хэвийн байдалд оруулсан. Өнөө өглөө гучин минутын хугацаанд мөн уг зохицуулалтыг хийхэд өглөөний 8:26 минутын байдлаар ямар нэгэн замын хөдөлгөөний ачаалал байхгүй болсон.

Мөн энэ хугацаанд бусад замын хэсгүүдийн ачааллыг бууруулах ажлыг албан хаагчид тасралтгүй гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллагаас хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, сийрэгжүүлэх цаашид тогтмолжуулах эсэх талаарх ажлын зураг авалтыг хийж, зохицуулалт хийсэн” гэж мэдээлж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.

“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэж мэдэгдсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу