“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авч чадаагүй иргэд мэдээллээ шалгуулахаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гадна дараалал үүсгэжээ.

Албаны эх сурвалж хэлэхдээ “Таны нэр дээр бүртгэлтэй аль ч банкны дансанд ногдол ашиг ороогүй бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компанид хандах хэрэгтэй” гэж зөвлөв.

Арилжааны банкууд иргэдийн дансанд ногдол ашгийг үргэлжлүүлэн шилжүүлсээр байгаа аж. Хэрэв 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй бол Монгол Улсад үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа үнэт цаасны 52 компанид дансаа нээлгүүлэх шаардлагатай юм. Данс нээлгүүлсэн хэдий ч ногдол ашиг ороогүй бол өөрийн нэр дээрх бүх банкны дансаа шалгахыг зөвлөв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29.3 сая тонн нүүрс борлуулж, нийт 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн билээ.

Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргаснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашгийг 2023.04.04-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Албаны эх  сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар үнэт цаасны данс нээлгүүлсэн иргэдийн 97 орчим хувьд ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг хийгджээ. Ногдол ашиг авч чадаагүй иргэдийн дунд нийтлэг алдаа ажиглагдаж байгаа аж. Үүнд:

    1. Үнэт цаасны компанид данс нээлгэхдээ бүртгүүлсэн банкны дансаа сольсон, хаасан, огт банкны данс холбуулаагүй,
    2. Насанд хүрээгүй хүүхдэд үнэт цаасны данс нээлгэхдээ аав ээж нь өөрийнхөө банкны дансыг бүртгүүлсэн,
    3. 18 нас хүрч, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол үнэт цаасны компанидаа өөрийн харилцах банкны дансны дугаараа бүртгүүлээгүй тохиолдол цөөнгүй гарч байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу