Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор “Цэнхэр алт” үндэсний чуулган-2023 өнөөдөр /2023.03.24/-ний өдөр болж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тус чуулганд “УС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлдээ:

Барилга, хот байгуулалтын салбарын хувьд хүн амыг баталгаатай, хүртээмжтэй усаар хангах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • “хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах”;
  • “хүн бүрийг тэгш хүртээмжтэй эрүүл ахуйн шаардлага хангасан ариун байгууламжид хамруулах, ил задгай бие засах явдлыг зогсоох”; 
  • “дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, цэвэрлэгдээгүй бохир усны хувь хэмжээг 2 дахин бууруулах” гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ.

Мөн тэрбээр Монгол Улс хөдөөгийн болон гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайгаас гадна Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төвлөрлийг сааруулах, Инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах томоохон бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.

 Тодруулбал: Хоногт 250 мянган метр куб бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, байгаль орчинд нийлүүлэх хүчин чадалтай байгууламжийг ашиглалтад оруулна, АХБ-ны санхүүжилтээр Бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих төслийг 10 аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна. Эдгээрээс Архангай, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дундговь зэрэг 8 аймгийн төвд 3000 метр куб /хоногийн хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулаад байна.

Нийт 19 аймгийн 59 сумын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлууд хэрэгжсэнээр сумдын хүн амыг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэх нөхцөл бүрдэнэ гэлээ.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу