АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн удирдлагуудтай холбоотой мэдээллийг прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр өнөөдөр (2024.04.12) нийтэд  мэдээллээ.  

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ийн дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнууд, нэр бүхий УИХ-ын гишүүнийг  2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дараах нөхцөл байдал тогтоогджээ.

Үүнд:

  • “Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн “Баруун-Урт сумд байрлалтай 6700 мкв, мөн 1359 мкв хэмжээтэй хоёр байрлал бүхий газар”-ын зориулалтыг, газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчлөн бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй”
  • “Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн “Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах 2635 мкв хэмжээтэй авто угаалга, гражын зориулалттай газар”-ыг газрын тухай хуулийг зөрчиж бусдад шилжүүлэн давуу байдал бий болгосон”
  • “Нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн “Баруун-Урт сумд байрлах  3211 мкв хэмжээтэй газрын эзэмших эрхийг газрын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж түүнд давуу байдал бий болгосон”
  • Архитектурын төлөвлөлтгүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай, шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилга барих зөвшөөрөл өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй”
  • Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баруун-Урт сумд зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, гэрээний гүйцэтгэлийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон байж болзошгүй.
  •  Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалтны давуу байдлыг урвуулан ашиглаж БНХАУ-д аялах 29 хүний аяллын зардлыг, аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэр бүхий компаниар төлүүлж өөртөө болон аймгийн төр захиргааны ажилтнуудад эдийн давуу байдал бий болгосон.
  • Аймгийн удирдах албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигладаг. Мөн ахуйн хэрэглээний хүнс, бараа, баяр ёслолын үеийн бэлэг сэлтийг албан тушаалын давуу байдлаа ашиглан төлбөрийг төлүүлэхгүйгээр авдаг. Улмаар төлбөрийг хууль бус орлогоор барагдуулдаг.
  • Өөрийн албаны эрх мэдлийг бэхжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдээс гэрээнд заагаагүй төлбөрийг авч аймгийн төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагыг гадаад улсад үнэ төлбөргүй аялуулдаг зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

Улмаар Сүхбаатар аймгийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. МАН хулгайч нар хагартлаа идэж ууж хулгайлчихаад АН угшилтай дарга нарыг гүтгэж солиорхоо одооохон зогсоо.зайлцгаа өгөр новшийн коммунистуудаас.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу