“Сэтгэлтэй, зүтгэлтэй хүн л СӨХ-ны дарга хийх ёстой юм билээ” хэмээн ярина. Түүнийг Д.Рэнцэнноров гэдэг. Тэрбээр 10-р хорооллын автобусны буудлын арын есөн давхар байруудыг хамарсан “Өргөө 14” СӨХ-ны даргаар 23 жил ажиллаж байна. Байруудаа орон сууцны шинэ хорооллоос дутахааргүй цэвэрхэн авч явдгаас гадна тэрбээр хогоо ангилан, дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаадаг. Ингэж сар бүр 500 орчим мянган төгрөг олдог байна. Олсон мөнгөөрөө шаардлагатай багаж, хэрэгслээ авахаас гадна ажилчидтайгаа гадаад, дотоодоор аялдаг ажээ. Мөн хогоо ангилж, тушаасаар 10 гаруй сая төгрөг хуримтлуулаад байна. 

Бидний “Хуучны есөн давхар” гэж нэрлэдэг эл байрууд 1985-1986 онд ашиглалтад оржээ. Ашиглалтад орсон тэр жил нь эднийх нүүж ирсэн ба энэ тухайгаа Д.Рэнцэнноров гуай “Нөхөр бид хоёр будаг нь ханхалсан шинэхэн байранд нүүж ирж байлаа” хэмээн дурсана. 

Харин СӨХ-ныхоо дарга болсон талаараа ярихдаа “Би химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг байсан юм. Манай гэр 14А байрны хоёр давхарт байсан. СӨХ-ны үйл ажиллагаа огт явагддаггүй, орцны жижүүр нь манай байранд байсан паарыг авах гээд салгаад зогсож байсан. “Яаж байгаа юм бэ” гээд асуутал “СӨХ-ны дарга надад цалин өгөхгүй байна. Тийм учраас авч төмөрт тушаах гэж байна” гэсэн. Тэгээд л би 2001 оноос СӨХ-ны үйл ажиллагаанд ханцуй шамлан орсон доо. 

Эхэндээ ажлынхаа хажуугаар хийдэг байлаа. Ганцхан өөрийнхөө амьдардаг байрыг хариуцдаг байсан болохоор давхар хийж болоод байсан юм. Тэтгэвэрт гарчихаад энэ ажлаа үргэлжлүүлээд хийе, иргэдэд ээлтэй буянтай ажил юм байна гэж бодсон. Тэгээд л одоог хүртэл 23 жил ажиллаж явна. Манай СӨХ найман байр, 19 орц, 610 өрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Намайг анх ажлаа авахад орцны цонхууд бүгд модон рамтай, нимгэн шилтэй байлаа. Байсхийгээд л шил нь хагарчихна. Би ажлаа авсан даруйдаа эхний ээлжинд цонхнуудаа вакум болгосон” гэлээ. 

Д.Рэнцэнноров гуай жилд нэг шинэ зүйл санаачилж, байрууддаа хийхийг хичээдэг гэнэ. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудынх нь зах зухаас дурдвал орцныхоо пилтаг сольж, нэгээс гурван давхар хүртэлх шатны бариулыг шинэчилжээ. Давхар бүр нь цэвэрхэн, ширхэг тоос ч үгүй байгаагаас ямар их сэтгэл, зүтгэл гаргаж ажилладаг нь харагдана. 

Байруудынхаа тэгш тоотой давхруудад гурван өөр өнгийн хогийн сав зэрэгцүүлэн байрлуулжээ. Цэнхэр, ногоон, улаан өнгийн савуудад хогоо цаас, шил, хуванцраар нь ангилж хийнэ. Савууд дүүрэхэд СӨХ-ны үйлчлүүлэгчид авч, байрны подвалд байх хогийн цэг рүүгээ аваачиж, ангилж хийнэ. Ингээд сар бүр хоёр удаа тараан тушаадаг байна. Ундааны савыг нь 400 төгрөгөөр, саван шампунийн савыг 600 төгрөгөөр,  лаазыг 1500-2000 төгрөгөөр тушаана. Харин архи, пивоны шилийг “Апу”-д, варений шилийг “Газар шим”-д, хуруу зайг CU-д гэх зэргээр тушаадаг аж. 

Хог ангилан тушаах болсон тухайгаа Д.Рэнцэнноров гуай ийн ярилаа. Тэрбээр “Бид жил бүр хийсэн ажлынхаа тайланг тавьдаг юм. 2018 оны сүүлээр ажлынхаа тайланг тавихаар СӨХ-ны хурал хийсэн юм. Шинэ жил дөхөж байсан болохоор ажилчдаараа баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулна гээд 1,2 сая төгрөг төлөвлөж, хурлын үеэр танилцуулсан юм. Гэтэл нэг оршин суугч босож ирээд, “Бидний мөнгөөр баяр ёслол тэмдэглэх гэж байж ямар өндөр дүн тавьсан юм бэ. Багасга” гэсэн. Тэгэхэд нь би төсвөө бүр хасуулсан юм. Дараа нь гэртээ орж ирээд өөрсдөө мөнгө олдог болох хэрэгтэй гэж бодоод мөнгө босгох арга хайж эхэлсэн. Ингээд л хог ангилахаар 2019 оноос ажил хэрэг болгосон. Бид хогоо ундааны сав, архи, пивоны шил, варенийн шил, цаасан хайрцаг, хуванцар, лааз, зай гэх зэргээр ес ангилдаг. Эдгээрийг авдаг газрууд нь өөрсдөө сард хоёр удаа ирээд авчихдаг юм. Байгальд ч ээлтэй, бидэнд ч орлого болохуйц сайхан санаа олсон байгаа биз” хэмээн ярилаа. Тэр үүндээ сэтгэл ханаагүй ажээ. Хадгалах газар байдаг бол айлуудын ногооны хаягдлыг ялган авч бордоо хиймээр байгаа тухайгаа нэмж хэлэв. 

Тэр хог ангилж  хэдэн төгрөг олдог, хэрхэн зарцуулдаг тухайгаа нэг бүрчлэн бичдэг. “Тайлангийн дэвтэр” гэсэн томоос том бичигтэй А4 хэмжээтэй цагаан дэвтэр дээр жагсаажээ. Нэг ажилчныхаа төрсөн өдрөөр бялуу авсан тухайгаа бичиж, худалдан авалт хийсэн баримтаа хүртэл хавсаргасан байв. Мөн эл хуримтлалаасаа ажлын багаж, хэрэгсэл авдаг. Ажилчдаараа ч хэд хэдэн удаа аялалд явжээ. 

Хуримтлалынхаа тухай тэрбээрСард хэр хэмжээний бүтээгдэхүүн тушааснаасаа хамаарч орлого янз янз байдаг юм. Сард дунджаар 400-500 мянган төгрөг олдог. Тэрийгээ хуримтлалдаа хийгээд, шаардлагатай үед зарцуулаад явна. Байцаагч, лифтчин үйлчлэгч гурав маань хуримтлалаа хянадаг. Мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа тэмдэглээд, баримтыг нь хавсаргачихна.

Хуримтлалынхаа мөнгөөр бид өөрсдийгөө урамшуулж, аялалд явдаг. Хамгийн эхэнд Аглаг бүтээлийн хийд явж байлаа. Дараа нь хамрын хийд, Итгэлт хамба, Төхмийн хийд, Эрээнээр аялсан. Хамгийн сүүлд гэхэд “Миний ээж хөөрхөн” гэдэг тоглолтыг 10 ажилчиндаа тус бүр 40 мянган төгрөгөөр үзүүлсэн. Энэ зун Архангай явна гэж төлөвлөж байна” хэмээн ярилаа. 

Д.Рэнцэнноров гуай ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг нэгэн. Түүнийг анх ажлаа авахад жижүүрүүд нь шатны дор амьдардаг байсныг болиулж, подвалд өрөө гаргаж өгчээ. Ажилчид нь одоо тэнд гэр бүлээрээ амьдардаг аж. Мөн тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хүүхдүүдийг нь сургуульд оруулах зэрэгт анхаарсаар иржээ.  

Х.ТҮШИГ

13 САНАЛ

  1. Ямар мундаг сэтгэлтэй хүн бэ? Баяр хүргэе!.Манайх 1987 онд 10р хорооллын 8р байранд ёстой будаг нь ханхалсан 2 өрөөнд орж гал голомтоо бадрааж билээ.Энэ хэдэн цэнхэр байшингуудын хажуугаар нь явахдаа дандаа харж, хуучин дурсамжаа сэргээж явдаг юмаа.Мундаг эгч таньдаа эрүүл энх байж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

  2. бүх СӨХ ингэж ажилладаг бол сайхан бнаа, санаа авч ажиллах байхаа

  3. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн эгчдээ.Манайх бас 10 р хороололд 5,6 жил амьдарсан энэ хугцаандаа сөхын үйл ажиллагааг ямар мундаг удирдаж байгааг хараад баярладаг байлаа.

  4. Энэ хүн ч Ажлыг хийж ч бас хийлгэж ч чаддаг яг Итгэлт гуай шиг лут хүн. Хамгийн гол нь ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ ЗАНГҮЙ дээрээс нь инженер хүн гэдэг арай өөр байдаг бололтой. Хаана СӨХ мөнгөгүй, ажил нь муу байна тэрний захирал нь худалч, хулгайч гэдэг нь тамтаггүй байдаг юм байна. Ж нь: БГД ийн Чингэлтэй СӨХийн хуучин захирал гэх этгээд Амжиргаа цагаанаар 20000 аар зөөдөг зүйлийг өөрийнхөө жижиг машины багажинд /8 рулон хар цаас, бас нэг 10 кг лаазтай шингэн зэргийг/тавьж авчраад СӨХ оосоо 80000 авчихсан байх жишээтэй. £р нь хөдөөний хүн л маш найдваргүй түнш байдаг юм даа. Тэднээр СӨХ ын захирал болговоо.

  5. Сэтгэл байвал ашигтай ажиллуулж болдог л пм баына. Б.З.Д 14-р хороонд байрлах Сувдан Сондор хорооллын СӨХ Цолмон гэж балай авгай, далийсан нүүр шигээ, мурий сэтгэлтэй,, яаж өөдлөхөв дээ,, улам далжийх вий дээ !!

  6. Санаа аваад хэрэгжүүлээрэй. Гэр хороололд ч хог ялган дахин ашигламаар бн.

  7. Ёстой мундаг соц үед сургууль төгсөж ажилласан хүн үнэхээр сэтгэлтэй зүтгэлтэй мундаг хэлэх магтах багадаад бнаа

  8. магтахад багадмаар сөх дарга байнаа ийм сөх энэ хотод бараг байхгүйээ.

  9. Энэ СӨХ сайн ажилладаг юм шиг санагдсан шүү. Тоглоомын талбай, сагсны шитэнд хүүхдүүд их цугладаг энэ хүн заримдаа өөрөө шүүрдээд зогсож байгаа харагддаг, үйлчлэгч нар нь тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болов уу гэмээр хөдөлмөрч бүсгүйчүүл байдаг юм билээ. СӨХ болгон эдний СӨХ шиг байвал сайхан цэвэрхэн хот болно.

  10. Өөрөө нөхрөө ах дүү нараа бүгдийг сөх н дарга болгож олон байрыг өөртөө нэгтгэж Урдаас баахан материал авч бусад сөх д шахдаг яс юман дээрээ заль зай нь ихэдсэн дарга даамалд долигнодог ийм л хүн дээ энэ авгай…

  11. зэргэлдээСӨХ үүдэд үлгэр жишээ болсон сайн дарга гэж олонтой сонссон шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу