Dobu.mn сайт долоо хоног бүрийн Баасан гарагт дэлхий дахины урлаг, спортын салбарын сонирхолтой мэдээллийг “Энтэртайнмэнт мэдээ” булангаар дамжуулан хүргэх гэж байна. 

Энэ долоо хоногт олон мянган хүний хүсэн хүлээж, сонирхон үздэг “Met Gala 2024” үдэшлэг болсон нь дэлхий дахинд шуугиан тарилаа. 

Тодруулбал, жил бүрийн тавдугаар сарын эхний Баасан гарагт Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд “Met Gala” хэмээх үдэшлэг болдог. Ингэхдээ жил бүр тодорхой сэдвийн дор зохиогддог юм. Улмаар сэдвийн дагуу олны танил одод, загварын нөлөө бүхий хүмүүс хувцсаа тусгайлан бэлдэж өмсөөд, улаан хивсэн дээгүүр алхдаг. 

Энэ жилийн “Met Gala” нь “Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд: Загварын сэргэн мандалт” сэдвийн дор болсон. Нэг хүний тасалбар 75 мянган ам.долларын үнэтэй ба нийт 450 гаруй зочин үдэшлэгт иржээ. Үндсэн хөтлөгчөөр Зендея, Bad Bunny, Женнифер Лопес, Крис Хемсворт нар ажилласан байна.

Сэдэвтэйгээ тохируулах үүднээс алдартнуудын дийлэнх нь өөгүй, натурал, гэрэлтсэн нүүр будалт хийжээ. Харин жүжигчин Зендея тэднээс онцгойрч, нарийхан хөмсөг, бага зэрэг готик смоки маягаар нүүрээ будсан байв. 

Хувцасны тухайд, Бидний сайн мэдэхээр “Water” дууг дуулсан, Өмнөд Африкийн залуу дуучин Тайла онцгойрлоо. Тэрбээр, элсээр урласан даашинз өмсжээ. Түүний хувцсыг “Balmain” брендийн хамт олон урласан байна. Тус бренд Тайлагийн биеийн хэмжээг маш нарийн тооцож, гурван төрлийн элс ашиглан уртаас урт гялалзсан даашинз хийжээ. 

Эл даашинзыг огт тайлахгүйгээр нэг л удаа өмсөх боломжтой. Тиймээс улаан хивсний ёслолын дараа Тайла даашинзаа хайчилж тайлсан юм.  

Улаан хивсэн дээгүүр алхаж буйг нь харвал тэрбээр үсээ норгож, гартаа элсэн цаг барьсан байлаа. Нойтон үс нь түүнийг уснаас гарч ирсэн мэт харагдуулж буй бол элсэн цаг нь биеийнх нь галбиртай төгс зохицно. Мөн даашинз нь маш урт, бариу учир Тайлад алхахад хүндрэлтэй буй нь харагдана. Шатаар гарч чадахгүй түр зогссоны дараа түүнийг туслах нь өргөж, дээш гаргаж байлаа. Эл бичлэг нь цахим орчинд цацагдаж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Ийнхүү 22 настай, “Z” үеийн томоохон төлөөлөл болох Тайла Лаура Ситал “Met Gala”-д анх удаагаа оролцсон даруйдаа шуугиан тарилаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг видео хэлбэрээр үзнэ үү. 

                                       

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу