Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Эмнести интернэшнл ОУ-ын хүний эрхийн хөдөлгөөнөөс  “Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал”-ын тайлан мэдээллийг өнөөдөр (2023.03.28) танилцуулаа. Уг тайлангийн үеэр дэлхийн болон Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаар  холбогдох албан тушаалтны байр суурийг хүргэе.

Эмнести интернэшл Монгол ОУБ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал: Манай улсын хувьд тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдсөн

Эмнести интернэшнл олон улсын байгууллага нь жил бүр дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэн авч тайланд тэмдэглэдэг. 156 улс хамрагдсаны дотор Монгол улс мөн бий. Өмнө жилүүдэд тэмдэглэгдэж байсан суурь асуудал хэвээр байлаа. Жишээ нь, ялгаварлан гадуурхалт улс орнуудад түгээмэл байна. ЛГБТИ болон охид эмэгтэйчүүд, уугуул иргэд, дүрвэгсдийн эсрэг гадуурхалт байсаар л байна.

Өмнөх жилүүдээс онцгой ялгагдах зүйл гэвэл Олон улсын мандат бүхий байгууллагууд, зэвсэгт мөргөлдөөн гарсан улс орнууд, дүрвэгсдэд ялгавартай хандсан асуудал байгаа юм.

Жишээ нь, Орос, Украины асуудалтай холбоотой НҮБ-ын аюулгүй байдлын байгууллагууд шуурхай ажилласан. Гэвч дэлхийд яг адилхан нөхцөл байдалтай байгаа улс орнуудад хурдан шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Түүхэндээ анх удаа Европын холбоо Украины дүрвэгсдийг хамгаалах зорилгоор хамгаалалтын удирдамжийг боловсруулж иргэдийг хүлээж авсан нь сайшаалтай. Европын холбоо хүний эрхийг хамгаалах маш их чадавх, нөөц бололцоо байгааг дэлхий дахинд харуулсан. Гэхдээ яг адилхан бусад орны /Ойрхи дорнод, хойд африк гэх мэт/ зэвсэгт мөргөлдөөнөөс олон мянгаараа дүрвэсэн иргэдийг хүлээж аваагүй. Энэ нь ялгаварлан гадуурхалт Европын холбоонд хүртэл системтэйгээр байсаар байна гэж үзэж байгаа юм. Гэх мэтчилэн маш олон орны жишээ байгааг тайланд тусгасан.

Манай улсын хувьд тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдсөн асуудал нэгдүгээрт онцлон тэмдэглэгдсэн. 2020 оноос хойш Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль, Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактаар баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хуран цуглан эрхийг баттай хамгаалж чадахгүй байна. Энд хэт бөгөөд үндэслэлгүй хязгаарлалтууд байна гэж үзсэн. Иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжилтээр нь хянах оролдлогууд бүхий хууль тогтоомжууд төсөл хэлэлцэгдэж байгааг уг тайланд буруушаасан. Иргэний нийгмийн байгууллагын бодитой чөлөөт мэдээлэлтэй байх эрхийн асуудал, бодитоор дуу хоолой хүргэх эрхийн асуудал нэлээн хүндрэл бэрхшээлтэй байгаа тухай тайланд дурдлаа.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа: Эдийн засаг, нийгэм соёлын дүр зураг төдийлөн сайн биш байна

Монгол улс дахь хүний эрхийн байдлын 22 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон. Нийтлэг харахад ковидын дараах нийгэм эдийн засгийн байдал маш тулгамдсан асуудал болж байна. Иргэдийн хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрх зөрчигдөж байгаа нь нийгмийн суурь үйлчилгээ хангалтгүй байгаатай холбоотой. Эдийн засаг, нийгэм соёлын дүр зураг төдийлөн сайн биш байна.

Дэлхийн хүний эрхийн улс төрийн эрх чөлөөний байдлыг дүгнэдэг олон индекс бий. Энэ олон индекс нэг л дүн харуулж байгаа. Ардчилсан эрх чөлөөт нийгэм хумигдсаар байна. Хүн төрөлхтний арван хувь нь эрх чөлөөтэй орон зайд амьдарч байгаа гэсэн дүр зураг бий. Монгол улсын хувьд ямартай ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй орон зайд амьдарч байгаа. Гэхдээ энэ нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар ч асуудал байхгүй гэсэн үг биш юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд “шүүмжлэлтэй дуу хоолой илэрхийлж байгаа үйл явцыг намжаах”-д чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд авч байна гэж ХЭҮК дүгнэсэн. Улс төрийн эрх чөлөөтэй холбоотой илтгэлийн онцлог нь нөхцөл байдлыг дүгнэхийн хамт эрхзүйн шийдлийг тусгаж байгаа. Холбоотой хуульд эрхзүйн зохицуулалт хийхдээ ямар нүдээр харж, ямар асуудлуудыг тусгаж, ямар чиглэлээр бичих нь энэ улсад чухал юм бэ гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж байгаа. Ийм учраас хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд “иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт” гэдэг бүлгийг оруулсан байгаа.

Хуульч Д.Оросоо: Жагсаал цуглаан хийх хуулийн зохицуулалт хоцрогдсон байдлаас сөрөг үр дагавар их гарч байгаа

Жагсаал цуглаан хийх этгээд тодорхой мэдээллээ засаг захиргааны байгууллагад өгнө гэдэг нь ач холбогдолтой зүйл. Ингэснээр хууль хүчний байгууллагууд жагсаал цуглаан хийх нөхцөл байдлыг хангаж, аюулгүй байдлыг бүрдүүлж өгнө гэсэн үг. Тиймээс мэдэгдэл өгөлгүйгээр цуглаан хийх нь дутагдалтай тал ихтэй учраас заавал мэдэгдэл өгнө. Харин үүнийг бүртгэл гэж хүлээж авах ёсгүй. Бүртгэж байгаа албан тушаалтан нь улс төрийн албан тушаалтан байгаа болохоор ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм.

Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авч бүртгүүлнэ гэдэг маань үзэл бодолтой байх эрхийг зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг түвшинд хүний эрхийг зөрчиж байгаа явдал мөн. Тэгэхээр, нэгдүгээрт бүртгэх субъектээр хэнийг томилох вэ гэдэг асуудлыг эргэж харах ёстой. Асуудал хурцадсан, тодорхой эрх ашиг зөрчигдсөн үед улс төрийн албан тушаалтны ашиг сонирхол зөрчилдөж байгааг зохицуулах хэрэгтэй. Жагсаал цуглаан хийх хуулийн зохицуулалт хоцрогдсон байдлаас сөрөг үр дагавар их гарч байгаа. Нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх маань маш чухал. Энэ эрхийг тайван замаар эдэлнэ гэдэг нь үймээн самуун, хүчирхийлэл зэрэгт өртөхгүйгээр илэрхийлэх хэлбэр.

Тайван замаар хийж байгаа зүйлийг худал мэдээлэл тарааж байна, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулж байна, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийж байна гэж ойлгож болохгүй. Сөргүүлж харах хандлага байсаар л байна. Жагсаал цуглаан хийж байгаа иргэд маань ч хууль тогтоомжоо судлах хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ шантаажны, хүчирхийллийн, албадлагын хэрэгсэл болгож хэрэглэж огт болохгүй. Иргэд маань нэг талдаа эрхээ зөв тайван эдлэх ёстой.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу