Хятадын өмнөд хэсэгт аадар бороо орсны улмаас өчигдөр (2024.06.18) хөрсний гулгалт үүсэж, есөн хүн амиа алдаж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон даяар цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд дарагдсан байна.

Мөн далайн эргийн Фужянь мужийн Вупинг хотод аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсны зэрэгцээ 378 байшин нурж, 880 га (2,175 акр) тариалангийн талбай эвдэрч, Вупин хот 415 сая юань буюу 57.2 сая ам.долларын эдийн засгийн хохирол амссан байна.

Хонконгтой хиллэдэг өмнөд хэсгийн Гуандун мужид болсон хөрсний гулгалтын улмаас Мэйжоу хотод таван хүн амь насаа алдаж, 15 хүн сураггүй алга болжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гурван нисдэг тэрэг, 200 гаруй бүрэлдэхүүнтэй аврах баг иргэдийг эрэн хайх, аврахаар ажиллаж буй бөгөөд гамшигт нэрвэгдсэн газруудад тусламж хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Хятадын үндэсний цаг уурын товчооноос сүүлийн өдрүүдэд Бээжин зэрэг Хятадын хойд хэсгийн ихэнх хэсэгт хэт халалт үргэлжилж байгаа талаар мэдээлжээ.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, сүүлийн үед улс орны бүс нутгуудыг хамарсан үер, ган гачигт бүх талын хариу арга хэмжээ авахыг уриалж, сураггүй алга болсон, дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах, гамшигт нэрвэгдсэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажилд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашдаг Ши Мягмар гарагт нийтэлсэн заавартаа үйлдвэрлэл, өдөр тутмын горимыг хэвийн байлгах, гамшгийн хохирлыг аль болох багасгахын чухлыг онцолжээ.

Тэрбээр “Сүүлийн үед Хятадын өмнөд нутгийн олон бүс нутагт аадар бороо орж, Гуандун, Фүжянь зэрэг мужуудад үер болж, геологийн гаралтай гамшигт өртөж, хүний ​​амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирлаа. Үүний зэрэгцээ Хойд Хятадын зарим хэсэгт ган гачиг улам нэмэгдэж байна” гэж хэлжээ.

Үерийн гол улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятад улс илүү олон сорилттой тулгарах гэж байгаа тул Ши Жиньпин бүх шатны эрх баригчдад эрсдэлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, хамгийн муу хувилбаруудын талаар бодож, үүрэг хариуцлагаа биелүүлж, гамшгийн тусламж үзүүлж, шаргуу ажиллахыг уриалжээ.

Мөн хүн ам, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс гамшгийн хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлийг илрүүлэн арилгах, техник, хэрэгслээр хангах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох, онцгой байдлын үед төрөл бүрийн үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон байна.

Хятадын өмнөд хэсэгт аадар борооны улмаас үерийн гамшиг тохиолдсон тул тус улс үерийн хяналт, гамшгаас аврах арга хэмжээгээ эрчимжүүлжээ. Үүний зэрэгцээ Хятадын төв болон хойд хэсэгт хэт халж, олон улсын цаг уурын станцууд өдөр бүр дээд амжилт тогтоосон өндөр температурыг бүртгэж буй аж.

Даваа гарагт гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, авран туслах үндэсний комисс Фүжянь, Гуандун мужид орсон хүчтэй аадар бороо, үерийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч, IV түвшний онцгой байдлын арга хэмжээг эхлүүлсэн нь дөрвөн шатлалтай системийн хамгийн бага үзүүлэлт юм байна.

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад яаралтай тусламж үзүүлэх, оршин суугчдын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах зорилгоор ажлын хэсгүүдийг байршуулжээ.

Гуандун мужийн Мэйжоу хотод өнгөрсөн Ням гаргаас хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан тасарч, интернэт тасалдаж, үерийн улмаас тогтсон усанд таван хүн үйж, 15 хүн сураггүй алга болсон байна.

Даваа гаргийн байдлаар, Вупинг мужид борооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болжээ. Мөн Шанхай мужид Мягмар гаргийн байдлаар, бороо, үерийн улмаас дөрвөн хүн амв хохирсон байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Хятадын цаг уурын үндэсний төв өнгөрсөн Ням гарагт тус улсын олон бүс нутагт хэт халалт үргэлжилж, хүчтэй аадар бороо орсон тул өмнөд хэсгийн олон мужид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргажээ.

Тус төв “Хятадын хойд хэсэг болон Шар мөрөн, Хуайхэ мөрний хоорондох бүс нутагт хэт халууны эрч буурах төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Ням гарагт “Шинжаан, Өвөрмонгол, Хэнань мужийн зарим нутгаар 37-39 хэм (Фаренгейтийн 99-102 хэм) хүрч халах төлөвтэй байна” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CHINA DAILY, XINHUA, REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу