Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл Монгол Улсын гавьяат тамирчин (МУГТ) Б.Сэр-Од, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан.

Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр () шигшээ багийн төлөөлөл, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпалам нарыг  хүлээн авч уулзсан байна.

ОУХМ Б.Мөнхзаяа Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж буй бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нар Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.

Монголын Үндэсний олимпын хорооны удирдлагууд “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх эрх авсанд баяр хүргээд, “Дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж, өндөр амжилт үзүүлж байгаа нь олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг” хэмээн онцолсон байна. Мөн сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэл сургуулилтаа сайн хангах хэрэгтэйг хэлжээ.

Шигшээ баг тамирчид наймдугаар сарын 8-ны өдөр Парисыг зорих юм. Монголын тамирчдын хувьд, МУГТ Б.Сэр-Од “Копенхагены Марафонд” 2:19:25 цагийн амжилтаар 14-дүгээр байрт шалгарч, Парисыг зорих эрхээ авсан билээ.

Г.Хишигсайханы хувьд Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч, “Парис-2024” олимпын наадмыг зорих “тийз” -ээ захиалаад буй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу