Монгол Улсын тамирчин Б.Энхтамир БНХАУ-ын Хонконгод болсон Олимпын эрх олгох “Hon Kong, China long course swimming invitational trial II” тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 750 гаруй тамирчин 17 зай, төрөлд оролцсон бөгөөд Монгол Улсаас дасгалжуулагч Э.Дэмүүлийн удирдлагад Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Энхтамир, Х.Цэлмэг, Спортын мастер А.Алтаннар нар өрсөлдсөн байна.

ОУХМ Б.Энхтамир 50, 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр тус тус алтан медаль, 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр энэхүү амжилтаараа 758 оноотой болсон төдийгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундын амжилт үзүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ зай, төрөлд өмнө нь Монгол Улсын дээд амжилт 23.81 байсныг 0.32 секундээр ахиулжээ.

ОУХМ Х.Цэлмэг, Спортын мастер А.Алтаннар нар оролцсон зай, төрөлдөө хувийн амжилтаа ахиулсан байна.

Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпын бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулж, Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгчээ.

Монголын усан спортын холбоо Парис руу илгээх тамирчнаа удахгүй зарлах аж. Монгол Улсаас Парисын Олимпод усанд сэлэлтийн төрлөөр ОУХМ Б.Энхтамир, Б.Энххүслэн нар оролцох боломж өндөр байгаа юм байна.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу