ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пёньянд айлчилсны дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой уулзахын өмнө Оттавад үг хэлэхдээ “Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд Орос улс тусалж магадгүй гэж НАТО эмээж байна” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Орос улс БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжихээс татгалзаж магадгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ. Столтенберг ОХУ-ын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн айлчлалын талаар асуухад “Тэд харилцан батлан ​​хамгаалах гэрээ байгуулсан нь бие биенээ хэр их дэмжиж байгааг харуулж байна.

Орос улс БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж болзошгүй тул бид ихэд түгшиж байна” гэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мөн БНАСАУ Орост “их хэмжээний цэргийн тусламж” үзүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Столтенберг “Хятад Улс Оростой харилцаагаа хөгжүүлж байна” гэж дахин шүүмжилжээ. Мөн тэрбээр Хятад улс “хоёр сандал дээр суугаад байж болохгүй” гэж хэлээд, Оросыг дэмжсэнийх нь төлөө Бээжингийн эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр НАТО-гийн бүх орон Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн биш байгааг хүлээн зөвшөөрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 18, 19-нд Пёньянд төрийн хариу айлчлал хийсэн. Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-д айлчлах үеэрээ өөрийн улсад айлчлах урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгчид биечлэн уламжилсан юм.

Орос, БНАСАУ хоёр орны төлөөлөгчдийн оролцоотойгоор Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээний үр дүнд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр, эрүүл мэнд, анагаахын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээр, хоёр улсын хилийн Туманная гол дээгүүр авто замын гүүр барих гэрээ байгуулжээ.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Барууны орнууд ОХУ, БНАСАУ-ыг хууль бус цэрэг-техникийн хамтын ажиллагаатай гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүйг нэг бус удаа онцолсон байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Пёньян Москвад цэргийн тусламж үзүүлж байна” гэсэн Вашингтоны мэдэгдлийг өмнө нь “цуурхал” гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу