“Монголын хөрөнгийн бирж” өнөөдөр (2024.06.20) Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “БиДиСек ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

“ЭХНИЙ ЭЭЛЖИД НИЙТ 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ

Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.ЦОГТБАЯР:

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжид нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явц эхэлж байна.

УИХ-аас 2022 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2023 оны 7-р сард Засгийн газар, Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны 249 дугаар тогтоолоор Улаанбаатар бонд гаргах зөвшөөрлийг олгосноор өнөөдөр та бид Улаанбаатар бондын 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг хийж байна.

“Улаанбаатар бонд”-ын эхний үе шатанд дотоодын зах зээлд 36 сар хүртэлх хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бондыг хагас жил тутам хүү төлөх давтамжтайгаар арилжихаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг Нийслэл хотынхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжин, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж, Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье.

“ОРОН НУТГИЙН БОНД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН:

-УИХ-аас баталсан “Алсын хараа-2050”, “Зээлийн хүүг бууруулах стратеги” болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын үнэт цаас ийнхүү олон нийтэд гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд бас нэгэн түүхэн үйл явдал болж байна.

Олон улсад хот, мужууд нь томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох зорилгоор хөрөнгийн зах зээл дээр бонд гаргадаг. Жишээлбэл, АНУ дэлхийн хамгийн том бондын зах зээлтэй улс бөгөөд бондын зах зээл нь 51 их наяд ам.доллароор үнэлэгддэг. Үүнээс орон нутгийн бонд буюу municipal bond-ын зах зээл нь 4 их наяд ам.доллароор үнэлэгддэг бөгөөд зээлжих зэрэглэлийн дундаж нь АА буюу хамгийн эрсдэл багатай, найдвартай гэдэг ангилалд багтдаг билээ.

Хөрөнгийн зах зээлд нийслэлийн Засаг даргын бонд гарснаар шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай ХОС-уудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Орон нутгийн бонд нь тухайн хот, аймгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой, цаашлаад Монгол Улсын нийгмийн томоохон асуудлыг шийдсэнээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чухал ач холбогдолтойг онцолж хэлмээр байна.

Манай Улсын хувьд одоо энэ зохицуулалт бүрдсэнийг түүчээлэн Нийслэлийн засаг даргаас бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэн нэг явдал болж байгаад баяр хүргэн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье.

“НИЙТ 27 БАЙРШИЛД, 73.1 КМ ЗАМ, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙН ИЖ БҮРЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ”

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ.

Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж, нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ.

Тухайлбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.

Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай.

Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ.

“УЛААНБААТАР БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫГ ЭНЭ САРЫН 20-НООС 26-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 дүгээр тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар бүртгэгдсэн “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авч байна.

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 5,000,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 500,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:

Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг
Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг
Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөг
Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2024.06.20 – 2024.06.26 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм.

Үнэт цаасны танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу