Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хаана нуугдсан болоод намын даргаа хайсан хүмүүс хай сайгүй гараад ирэв ээ. Гудамжны мань мэтээс илүү намынхан нь л сайн мэдэж байх ёстой атал биднээс асууж байгаагаас үзвэл Л.Гантөмөр намынхантайгаа уулзахгүй байгаа бололтой. Магадгүй бүр нуугдсан ч байж болохоор байна. Хоёрхон сарын өмнө Ардчилсан намын дарга болж тодорсон “тамгагүй” хутагт өнөөдөр намынхандаа үзэгдэж харагдахгүй байгаа нь тэдний эрэл сурлаас харагдана. Намын тамга нь Х.Баттулгад, гэрчилгээ нь С.Эрдэнэд гэх мэтчилэн тарсан байгаа нь, шүүхээс тамга, гэрчилгээний асуудлыг нь зориуд өөрөөс нь төөрүүлж байгаа нь түүнд хүнд цохилт болсон байж магадгүй. Наанаа намын дарга гэсэн шошгоноос өөр зүйлгүй капитан чухал хөлгөө хааш нь чиглүүлэхээ мэдэхгүй явна уу гэж бодоход хүргэв. Гэхдээ энэ бүгдийг даван туулна гэж л намын дарга болсон. Одоо ачаагаа үүрээд зүтгэмээр байна. Намынхан чинь гудамжнаас таныг хайх бус та намынханаа цуглуулж уулзаж байх ёстой биш үү.

Намын дарга болсон тэрбээр Дундговь, Өмнөговь аймагт очиж ажилласнаас өөрөөр олны өмнө улс төрийн ил ямар нэг үйл ажиллагаа, акц өрнүүлсэнгүй. Намын гишүүн, ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан. Араас нь намынх нь журмын нөхөр Д.Монголхүүг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорьчихлоо. “Намынхаа хоёр нөхрийн талаар үг хэлэх ёстой шүү дээ” хэмээн намынх нь нөхөд нь Л.Гантөмөрт чиглэсэн гомдлын үгс нисгэж байна. Намын даргатай болсон гэж хөөрч байгаа намынхан чинь таны гарыг харж, таны үг хэлэхийг хүлээж байгаа нь гарцаагүй.

С.Эрдэнэ албан ёсны намын дарга байсан бол аль хэдийнэ мэдэгдэл гаргаад нохой шуугиулж явж мэднэ шүү. Шинэ даргаас шинэ бодлого үнэртсэнгүй. Шинэ даргаас журмын нөхдөө хамгаалах ганц үг ганхийсэнгүй. Эрхэм капитан одоо ил гарч намынхантай уулзаж, жаргал зовлонг нь сонс. Журмын нөхдийнхөө талаар үгээ хэл. Ард түмний амьдрал тийм сайн сайхан байгаа болохоор сөрөг хүчний намын дарга ингээд чимээгүй суугаа юм уу. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, эрхэмлэж явах ардчилал чинь цаг цагаар алдагдаж байгааг харах ёстой баймаар. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хаана явна аа. Капитан хөлгөө орхидоггүй… 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу