Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр (2024.07.25) 21 настай залуу гар утасны хулгайн хэргээр 461-р ангид хоригдож байх үедээ цагдаагийн алба хаагчид зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн үедээ амь насаа алдсан хэргийн талаар мэдээллээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.МӨНХБАЯР:

-Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан, 21 настай, эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 зүйлд зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд та бүхэнд мэдээлэл өгнө.

Цагдаагийн байгууллагад 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийн 11.23 цагт Улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны долдугаар сарын 22-нд хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Хоёрдугаар цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Талийгаач О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс анх олж тогтоон прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Талийгаач О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг тогтоохоор мөрдөн шалгаж байна.

Талийгаач 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа 2024 оны долдугаар сарын 12-ны өдрөөс хэвлий хэсгээр өвдөлт үүсч, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгаанаар 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Мөн 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ирж, долдугаар сарын 23-нд цөсний шалтаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок, амьсгалын гачаалал хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нар барсан.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шинжээч эмчийг томилон ажиллаж байна.

Хорих 461 дүгээр ангид эрүүл мэндийн байгууллагаас хоригдогчийн биед 16 удаагийн үзлэг хийсэн байдаг. Талийгаачийг 2024 оны нэгдүгээр сарын 29-нд эрэн сурвалжилж тогтоосон нэг албан хаагч байсан. Тэр албан хаагч мэдүүлэг авч, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

“ТАЛИЙГААЧ ӨМНӨ НЬ ХОЁР УДАА ЯЛ ШИЙТГЭГДЭЖ, НЭГ УДАА ЗӨРЧЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХУУЛЖ БАЙСАН”

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.БАТДЭЛГЭР:

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрх зөрчигдсөн, эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх асуудлыг мөрдөн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай холбоотой асуудалд албаны шалгалтыг явуулж байна. Эндээс алба хаагчид сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан эсэх асуудлыг шалгаж байна. Алба хаагчид өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээлэлд талийгаач О нь 2023 оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжлагдаж байсан. Талийгаач өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж, нэг удаа зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт долоон холбогдогчтой 53 хэргийг нэгтгэн, мөрдөн шалгаж байгаа хэргүүд дээр шалгагдаж байсан.

Амь хохирогч О нь эрүүгийн 10 хэрэгт холбогдон шалгагдаж байсны нэг нь Эрүүгийн хуулийн 11.4 буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусад есөн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 17.4-т заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.

А.БАЯР

5 САНАЛ

  1. Гавтай үхсэн гэхээр үхсэн нь хохь амьдын зол гэж үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байна гэж яаж хэлж чадаж байнаа.

  2. ЦАГДАА НАРЫН 20% НЬ Л ЖИНХЭНЭ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС. ҮЛДСЭН 80% НЬ АР ӨВРИЙН ХААЛГААР ОРСОН ЧАДВАРГҮЙ УГААДАС ГОРЬДСОН ГӨЛӨГНҮҮД.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу