Уйтгарт өдрүүдийн ард ангийнхаа найзуудтай уулзах догдлолоо дийлж чадалгүй нойргүй хонох ч энүүхэнд. Өглөө өмсөхөөр бэлдсэн дүрэмт хувцсаа индүүдлэгийг нь дахин дахин илж үзсээр өглөө болгодогсон.
Олон хүүхдийн дунд орохдоо бус, цөөн хэдэн сайн найзтайгаа уулзахыг л тэсэн ядан хүлээнэ. Бас ангийнхаа ширээг, багшийгаа ч тэгж их хүлээнэ гэдэг хамгийн сайхан дурсамж юм уу даа.
2008 оны есдүгээр сарын нэгэн. Миний хамгийн дурсамжтай хичээлийн шинэ жилийн нээлт болсон юм. Гуравдугаар ангид орох тул элемент биш, тууш дэвтэр бэлдэж байснаа сайн санадаг юм. Зуны турш тариалангийн талбайд зэрлэг зулгааж, ногооны талбайд орсон хонь малыг хөөж гүйсэнсэн.
Тэгээд наймдугаар сарын 20-нд хот руу буцаж, хичээлийн хэрэгсэл бэлдэхээр болов. Вокзал дээр Зүүнхараагаас ирсэн галт тэрэгнээс буугаад, тосож авах өвөөг хүлээн сүүдэрт суулаа. Мөн л хичээлийн хэрэглэл бэлдэх гэж байгаа болов уу гэмээр хүмүүс хүүхдүүдээ дагуулан яаран зөрнө.
Би ч амьхандаа бас ажил төрөл хийчихсэн, хамаатныхаа эмээгээс хэд гурван төгрөг гар дээрээ авсан их л додигор хүн олон жимстийн ундаа ууж (мульт), хрустик иднэ. Удалгүй өвөө ирж, намайг дагуулсаар Нарантуул зах оров. Түм түжигнэсэн их хөлийн газрын захад ирэхэд л хөлс цутгаж, залхуу хүрэхийг яана. Тэрэг түрсэн, ундаа ус, самар, уут шуудай зарсан хүмүүсийг зөрөн явсаар хичээлийн хэрэгслийн хэсэгт ирнэ.
Ном ёсны дагуу дэвтрээс эхлээд л өвөө тоолж бүртгээд авлаа даа. Харин би өнөөх хэдэн цаасаа (10.000 төгрөг) халаасандаа атгачихсан. Юм авбал л үрэгдчих гээд байх шиг санагдаад болдоггүй ээ. Өвөө ч нэг цүнх авч, дотор нь хэрэгслийг хийгээд, надад үүрүүлэв. “Одоо нэг пүүз аваад гарна” гэлээ.
Гутлын тасгаар баахан алхаж, өмсөж үзсээр үнэхээр нүдэнд туссан нэг улаан өнгийн пүүз оллоо. Урдаа хоёр наалттай, хажуу бөөрөндөө цахилгаантай, резин ултай эд юм. Өмсөж үзэх тоолон л нисчих юм шиг санагдаж, хачин их таалагдлаа.
Өвөө дээлийнхээ өврөөс том түрүүвчээ гаргаж, тооцоо хийхээр зэхтэл арван мянган төгрөг дутаж орхих нь тэр. Би ч баатарлагаар халаасанд явсан мөнгөө гаргаж сарвайгаад гутлаа уутлан цүнхэндээ хийв. Өвөө маасайтал инээж, намайг өхөөрдсөөр бид гэртээ харилаа. 
Хичээлийн шинэ жил болоход гуравхан өдөр үлджээ. Уутанд боож, авдарт хийсэн гутлаа гаргаж л харахгүй бол санаа амрахгүй хэцүүхэн хэд хоногийг даваад байв. Гэтэл нэг өдөр би ойролцоох худалдааны төв рүү дахин явж, эмээгийн ачаа барааг зөөхөөр боллоо. Уухайн тас, өнөөх шинэ гутлаа углаад, дээгүүрээ бэлтгэлийн хослол өмсөж, тэр хавийн л хамгийн дэгжин байрын хүү болчихсон юм. 
Тэгээд “Бэлх” зах орж, хүнсний болоод гэр ахуйн худалдан авалт хийлээ. Би эмээгийн хажууд аар саар зүйлийг нь барилцаж алхана. Дэргэдүүр өнгөрсөн шилэн лангуу, шилэн хаалга гээд ойж тусах бүх л зүйлд шинэ гутлаа харж явлаа. Ээ дээ, мөн ганган харагдаж байна аа. Эмээ нэг жижиг тэрэг дээр авсан бараагаа тавиад, надтай хамт түрсээр захын хаалга руу явав. 
Захын хаалганаас зуугийн унаанд суугаад, гэрийн гадаа ирж, би ачаагаа буулгав. Гэтэл гай нь таарсан уу, миний бүтэл нь тэгж таарсан уу үүдний гишгүүрт таварцаглан, эгц чигтээ харуулдан унаад өглөө. Хоёр гартаа юм барьсан чигтээ өчүүхэн ч хазайлгүй эгц унасныг яана.
Ээ хөөрхий, миний шалбарсан гар, нүүр ч яах вэ, өрөөсөн гутал минь тэр аяараа хадаасанд огло татуулсан байв. Нүднээс нулимс цийлгэнэж, гарынхаа шархыг ч мартан, гутлаа бариад уйлж гарсан юм.
Хичээлийн шинэ жил эхлэх ч болж шинэ авсан гутлаа өмсөж чадахгүй тул орон доор үлдээгээд, эгчийнхээ арай нэг эрэгтэй харагддаг “улаан ботинк”-ийг өмсөөд, хичээлдээ явсан юм даа.
Өвөө минь намайг хөтлөөд, “Ичих юм юу байх вэ, хүү минь. Хичээл л сурахгүй бол чамаас өвөө нь ичнэ шүү” гэж тайтгаруулж явсансан. Би ч есдүгээр сарын 1-ний өдөр ангийнхантайгаа уулзсандаа баахан баяр хөөртэй байсан ч тонгойн, гутлаа харах бүрдээ л дуугаа хурааж, уруулаа хазаж байсан юм. 
Энэ миний хамгийн дурсамжтай хичээл шинэ жилийн нээлт билээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу