Хөнгөн гуниг төрүүлэх сэрүүн өдрүүд эхэллээ. Хөглөрч сүйд болоогүй ч Улаанбаатарын модод хэдийнээ шарлачхаж. Их сургуулийн гудамж эргэн амь орох шиг залуусын хөөртэй яриа гудамж дүүргэнэ. Элдэв чимэггүй энэ улирлыг ердөө л бороо, навч, манан тэргүүтэн л чимдэг гэж үү. Эсвэл охидын ягаарсан хацрыг жиндүүлэх салхи, хүрмийн энгэрт шингэсэн сүрчиг, саарал үүлсийг тольдсон усан тогтоолууд байж болно. 
Бидний хамгийн сайхан цаг хугацааг өнгөрөөж буй энэ л хотын маань үзэсгэлэн гоо нэгэн улирал хаяанд ирсэн тул хааяа гаргаж уншмаар сэтгэлд үлдсэн шүлгүүдээр угтаж байна. 
  1. Г.Аюурзана  “Миний мэдэх намар”

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднө

 

2. Ц.Батбаатар

***
Гадаа намрын шөнө цав цагаан бороотой…
Газрын хүнд хэтийдсэн
намуухан дуу эгшиглэнэ.
Согтчихоод, бас жаахан гутарч явсан болохоор
Сонсоод сууж чадсангүй ээ…
амандаа л дагаж аяллаа.
Солгой буруу хоолойтой ч
хүний л халуун сэтгэлтэй…
Согтуу хөлчүү нь хамаагүй ээ…
бусдын л ижил нулимстай…
Дуулаад мартаж чадахгүй
Монгол ардын зовлон минь
Дураараа ямар мөнхийн
ингэж амьдрах биш дээ…
“Элс манхан нутагт эмгэн буурал ээжтэй …”
Энэ юуны дуу вэ..хүний дуу мөн үү…
Элин халин дүүлэх жигүүртний дуу биш үү..
Ээрэм холд зэрэглээтэх алсын бараа ч юм уу
Энд уймарч суугаа залуу нас минь ч юм уу…
Энгийн адууны унага нь гүйж ирдэг газраас
Ээжийгээ хотоос санахаараа
дуу захиаллаа гэв үү…
Хэл мэдэхгүй адгууснаас
нууж уйлмаар санагдлаа.
Хэний дуу вэ энэ….хүний дуу мөн үү…

 

3. Э.Бүжинлхам

 

***
Би чамайг
Сүүлийн бороо орж навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин…
Би чамайг
Анхны цас орж, аярхан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин…
Би чамайг
Ганцхан л удаа цасан доороос хаврын яргуй уйлахыг харчхаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин…
Би чамайг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн
гэрэлтэхүйд
Зулзган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантган туяа цацруулан үзэгдэхүйц
Харанхуй солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй
Тэгээд
Би чамайг яг
Сүүлийн бороо орж, навчис шарлатал л хүлээнэ гэж боддог.

 

4. М.Дэвээжаргал

Цонхны шил дагаж бороон дуслууд урсах
Үгүй ээ,
Нүдний шилтэй охин уйлж байх
Намрын навчсыг хараад найдлага байхгүйг ухаарах
Надаас явсан бүгд , явсан биш гээгдсэн гэдгийг ойлгох
Диваажинд очиж үзээгүй мөртлөө диваажингийн талаар ярих
Хуучирсан модон сандал түшээд хорвоогийн тухай бодох
Хоног өдрүүд урссаар байхад ,яг л байрандаа сууж л байх
Тэндээс , мэдэхгүй ээ хаанаас ч юм хэн нэгэн ирэх юм шиг /хэн ч ирэхгүй , ирэхгүй гэдгийг нь мэддэг/
Тэгээд л уйдсандаа сүүдэртэйгээ нуугдан тоглож
Тэнгэр, газар хоёрыг ээлжлэн ширтэсээр л байдаг /тийм л ганцаардангуйгаас жаргал эрэх/

5. Г.Баяр “Бороо л ороосой”

***

Бороо л ороосой …
Ижий минь тэрлэгний өнгө шиг
Нэг л дулаахан бороо л ороосой
Бороо л ороосой.
Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг
Нэг л сайхан бороо л ороосой
Бороо л ороосой …
Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг
Солонгоор инээсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа
Тайлах шиг
Тийм л тув тунгалаг, бороо л ороосой
Бороо л ороосой
Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг
Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Нойтон болжмор тооноор орж ирээд,
Миний орны хөлд суух шиг
Аяс намуухан бороо л ороосой
Бороо л ороосой
Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар
Бурханы нулимс шиг бороо л ороосой
Бороо л ороосой …
***

Намрын энэ өдөр чи минь буцаж,
Найз нар чинь нэлмийтэл үлдэж билээ
Шонгийн оройд хоёр хэрээ баримал шиг цомцойн суугаад
Шоовдор тунсаг амьдралыг хачин дуугүй ажиж билээ
Навчис хаяласан ийм өдөр чи минь явчихаж билээ
Нар – намар хоёрын энгэр хацар норж билээ
Цас бургатал ижил хоёр адуу зөрөн үүрсэж
Цагийн зүүний ард бурхан нуугдан уйлж билээ
Цэлмэг намрын ийм өдрийг чи минь орхичихож билээ
Цэцэг – чулуу хоёр нэгнээ бараадан гуниж билээ
Цэнхэр сар уулын онь дээр буруу харан мэлмэрч
Цэх байхыг хичээсэн ч хэдэн нөхөд чинь нурж билээ.
6. Б.Баясгалан “Уйт намрын шүлэг”
Уйт намрын шүлэг
Дүнсгэрхэн буурал эх оронд минь
Дүүрэн гунигтай өдрүүд үргэлжилсээр
Дүн өвөл мэт гансралын жаварт хайрагдсан ч
Дүүжлүүрийн олсыг үнэндээ мөрөөдөж явсангүй ээ
Гандуухан уйтай эх оронд минь
Галуудын цуваа тасраад, намар үргэлжилсээр
Гадаах агаар жихүүн, мөрөөдлийн үзүүр гундуухан ч
Галуудыг дагаад нисэхийг үнэндээ хүсч явсангүй ээ
Хаяад одож буй шувуудын хойноос хараал нэгийг урсгаад
Хаашаа ч дүрвэхгүй эндээ л үхэхээ ахин нэг тангаргалаад
Шар айрагны мухлагаас халамцуухан гарч
Шал дэмий гуниг, гутрал ганцаардлаа сэгсэрнээ
Зөрөх нэгнээс цаг асууж, гал бас асууж
Зөөврийн тэргэнд гар өргөж, харанхуй гудамжаар хэсүүчилж
Зөндөөн өдөр хоногуудыг хоосон атлаа дүүрэн үдсэн
Зөвхөн энэ л хотын эгшиглэнт ганцаардалд хэтэрхий дасчээ
Хэрэг болгож би саранд шүлгээн уншчихаад
Хэсүүчилж одноо, харанхуй хотын гүн рүү
Аниргүйхэн хотын уйтгарт мянган шөнөтэй
Ахин дахин болзож, амрагийн дуу зохионоо
Дүнсгэрхэн буурал эх оронд минь
Дүүрэн гунигтай өдрүүд үргэлжилсээр
Цонх цантуулж, модод нүцгэрсэн өвөл удахгүй ирнэ
Цохонд минь буу тулгасан ч энэ их нам гүмээс урваж чадахгүй ээ…
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу