Монгол Улсын өнцөг булан бүрд сум, сургуулийн ой тэмдэглэдэг. Нэг талаасаа нэгдэж нийлэн олон жил уулзаагүй хүмүүс уулзах боломжийг нээж байгаа мэт боловч нөгөө талдаа тус аймаг, сум, сургууль, байгууллагын ой иргэдийн халаасны хэмжээг шалгасан нэг шалгуур болж байна. Монголчууд л болсон хойно хэн нэгний доор орчихгүй гэсэндээ халаас хотоо тэмтрэн найз нөхдийнхөө машин тэргийг гуйж унан зорин очихоос эхлээд нүсэр зардал гаргадаг. Энэ зардлаа даадаг нэг нь байхад даахгүй хэсэг нь олонх болдог.

Нэг үгээр хэлбэл авлагын аян гэж нэрлэж болно. Ойн сургаар авлага нэхэгдэж, нэг хэсэг нь өгөх гэж чардайдаг. Энэ жишиг манайд хэзээнээс тогтсон бол. Ойн хандив нэрээр иргэдээс авч буй хөрөнгө хаашаа ордог, түүгээр юу бүтээн байгуулдаг вэ. Хандиваар бүтээн байгуулалт босож улс оронд хэрэгтэй зүйл бий болдог уу гэсэн асуулт гарч байгаа юм.

Өгсөн бол сайн, өгөөгүй бол муу

Тэмдэглэлт ойн хүрээнд босгох хандив иргэдэд дарамт болж өгөхгүй байх хэцүү, өгөх бүр хэцүү болж нэр нүүрээ барж дуусдаг. Хэрэв тухайн хүн төгссөн сургуульдаа хандив өгөлгүй үлдвэл нөгөө хэсэг нь харамч нарийн, боломж бололцоогүйгээр нь гадуурхаж, амны зугаа хов болгон цай уух зуураа ярьж эхэлдэг. Ингээд өгсөн нь сайн, өгөөгүй нь муу нэгэн болж хувирна. Мэдээж ингэж хэлүүлэхийг хэн ч хүсэхгүй учраас хичнээн боломжгүй байсан ч заавал өгөх шаардлага тулгардаг. Тэгвэл ихэнх хүн сайхан сэтгэлийн үүднээс хандивлаж чаддаг уу.

Зарим хүн буян бодож өгдөг, нөгөө хэсэг нь муу хэлүүлэхгүйн тулд гар тэнийдэг. Гэвч хүн бүр хомхой сэтгэлтэй биш. Тиймээс нэг ч болов хүнд тус хүргэж, нутаг усаа хөгжүүлчих юмсан гэж хандивладаг хүмүүс ч олон бий.  Гэхдээ хандив бол сайн дурын үндсэн дээр хийх ёстой зүйл. Манайд харин сайн дурын үйл сайн сайханд зориулагддаг уу.  

Нэг жишээ дурдья: -Хосе-Мартийн нэрэмжит  52 дугаар дунд сургуулийн 18 дахь төгсөлтийн хамт олон сургуулийнхаа 40 жилийн ойд зориулж хүн тус бүр 40 мянга түүнээс дээш төгрөгийг сэтгэлээрээ хандивлахыг уриалжээ. Хэдий сэтгэлийн хандив ч гэсэн үүнийг давж чадахгүй иргэд байгаа талаар нэгэн танил маань хэлсэн юм.

Нэг жишээ дурдья: -Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоор дээд албан тушаалтнаас эхлээд дэслэгч, ахлагч хүртлээ албан тушаалынхаа шат дараагаар нэг сая төгрөгөөс нэг өдрийн цалингаа хүртэл бүтнээр нь хандивлахыг шаарджээ.

Эндээс үзвэл хандив сайн дурынх биш албан шахалтын өглөг болж таарч байна. Сарын цалингаа өгсөн цагдаа нар гэртээ бүлтийтэл хүлээх хүүхдүүдээ бариад орох чихрийн мөнгөгүй болж байгаа юм. Төр нь ажилласан бол цалингаа авч ар гэр, амьдрал ахуйдаа зарцуул гэдэг бол албадлагын хандив зарим айлыг хоосон хоноход хүргэж байна.

Хандивын мөнгө хаачдаг вэ

Нэг жишээ дурдья: -Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Жавхлант, Хушаат сумдын 2017 онд тохиосон ойн хандивын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн талаар тус аймаг дахь төрийн аудитын газар шалгалт хийж, тайлан гаргажээ. Дээрх сумдууд хандив тусламжийн орлогоос нийт 5 орчим сая төгрөгийг төлөвлөгдөөгүй ажил гүйцэтгэх, бусдад хандив өгөх зэргээр зориулалтын бусаар зарцуулсан байна. Тухайлбал,  “Умард хилийн харуул Сүхбаатар хот” ном бичүүлэхээр байгуулсан гэрээний дагуу 2.5 сая төгрөгийг төгрөгийг иргэн Т.Доржсүрэнд олгосон боловч гэрээт хугацаанд хүлээж аваагүй, авлагаар бүртгэгдээгүй байна. Мөн “Жавхлант бахархал” музей байгуулах 10 сая төгрөгийн, ахмадын шатрын тэмцээн зохион байгуулахад 500 мянган төгрөг, телевизэд зар сурталчилгаа өгөх, сумын удирдлагууд телевизийн ярилцлагад орох дөрвөн сая төгрөгийн ажил хийгдээгүй байна.

Ойгоор цугларсан хандивыг санхүүгийн бүртгэл тайланд тусгаагүй гэх зөрчил ч бас илэрчээ. Тухайлбал Сүхбаатар, Жавхлант сумд нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс хандивласан нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн орлогыг бүртгэл тайланд огт тусгаагүй байна.

Нэг жишээ дурдья: -Говь-Алтай аймгийн Цогт сумын түүхт 90 жилийн ойн баяраар нийт 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хандиваар төвлөрүүлжээ. Сумын ойн хандивт 68 толгой малыг  иргэд бас л нэмж өгсөн байна. Энэ сумын тухайд бөх, хурдан морь, шатахуун түлшний зардал, сумынхаа тухай ном хийлгэх гээд бүгдийг нь иргэдээс ирсэн хандиваар зохицуулсан болохыг Legalinfo.mn сайтад мэдээлжээ. 

Нэг жишээ дурдья: -3Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга байгууллагынхаа 55 жилийн ойгоор их хэмжээний хандив цуглуулж,  хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний гомдол АТГ-т иржээ. Мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж ажиллахад ойг тэмдэглэх хүрээнд нийт 23 сая орчим төгрөг цугларч, түүнийг нь тус төвийн дарга Г.Гантулга  хувьдаа завшсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.

Ойн арга хэмжээг зохион байгуулахдаа хандив авах талаар ОСНААУГ-аас албан ёсны зөвшөөрөл бичгээр аваагүй, байгууллагын ойн арга хэмжээнд цуглуулсан хандивын зарцуулалтын талаарх тайланг тус газар болон 10 дугаар төвийн хамт олонд албан ёсоор тайлагнаагүй, үр дүнг мэдээлээгүй байна.

Дээрх баримтуудаас харвал сумын ойд зориулж авсан хандиваа үр ашигтай, хэрэгцээтэй зүйлд зарцуулдаггүй, хандив хаашаа хэний халаас руу орж буй нь тодорхойгүй байдаг аж.

Ойн хандиваар хөшөө босгохоо больё

Нэг жишээ дурдья: -Архангай аймгийн Жаргалант сумын 90 жилийн ойгоор төгсөлтөөрөө хандив цуглуулж гэрэлт хөшөөг сумандаа барьсан. “Гэвч төд удалгүй өнөөх хөшөөний гэрлийг нь хэн нэгэн хагалж, хэнд ч юунд ч хэрэгцээгүй зүгээр л нэг дөрвөлжин чулуу үлдсэн” хэмээн төгсөгч Н.Нацагням хэлэв.

Нэг жишээ дурдья: -Архангай аймгийн Жаргалант сумын сургуулийн 70 жилийн ойд төгсөгч бүр л хоцролгүй эрвийх дэрвийхээрээ оролцож, мөнгө төгрөг, хонь мал, идээ цагаагаа барьжээ. “Хандивын хөрөнгөөр нэг их ашиг тустай зүйл хийж босгоогүй. Миний санаж буйгаар гавъяат багш Нямдоржийн хөшөөг босгосон. Үлдсэн мөнгөөр нь  сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн л байх” хэмээн тус сургуулийн төгсөгч Ч.Чулуунхүү өгүүлэв.

Энэ мэт хандив цуглуулж хөшөө босгосоор байтал улс оронд маань багтахааргүй олон хөшөө бий болох нь. Хөшөө барьснаараа хөгждөг бол Монгол Улс үгүй ядаж Азидаа тэргүүлэх орон болох цаг болсон. Хөшөөний оронд байгууллага, сум орноо хөгжүүлэх ганц ч болов дорвитой ажил хиймээр санагдана. Ирээдүйдээ хөрөнгө оруулмаар бодогдоно.

Манайд хандив хүлээн авах, зарцуулах талаар хууль тогтоомжид заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тухайлбал, хандив хүлээн авахад бүртгэж, зөвшөөрөл олгох, хуулиар зөвшөөрөгдөх авч болох хандив эсэх, түүний зарцуулалт, ил тод байдалд тавих хяналт сул байдаг нь дээрх баримт, жишээнүүдээс харагдаж байна.

Иймээс хандивыг зөвөөр зохицуулж болох нэг арга бол тодорхой сантай болох  явдал юм. Тэр сангийн үйл ажиллагаа шилэн байж хандив хэрхэн цугларч, яаж зарцуулагдаж буй нь ил тод харагдаж байх ёстой. Бас сайн дурын үйлс гэдгийг хандив авч байгаа нь ч, өгч байгаа нь ч мэддэг байх хэрэгтэй. Хандивыг нэн чухал зүйлд л авч байх ёстой. Жишээлбэл, Япон улсад хүнд өвчнөөр өвдсөн хүүхэд, байгалийн гамшигт нэрвэгдсэн олонд туслах зорилгоор л авдаг байна. Манайд ч энэ жишигийг тогтоох л ёстой.

А.Номин-Эрдэнэ