Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар өнөөдөр (2024.10.16) Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж байгааг харилцан тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээй Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Түүнчлэн иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгааг талууд сайшаан тэмдэглэв.
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцлов. Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд цаашид Монголд хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ онцлов. 
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нарын өргөтгөсөн уулзалт нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилтод чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдэгт талууд санал нэгдэв.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу